Талийгаачдаа дахин оршуулахаар иргэд Далан давхрыг самнаж байна

CaptureТарааж цацсан шагай мэт оршуулгын дунд өтөл насны нэгэн эр уйлан сууна. Цаадтайх нь лам нар ном   хурж, дүнгэнэтэл маань уншина. Оршуулгын гантиг чулуун дээрх нэрийг уншин явах хүмүүс сандран алхаж харагдлаа. Тиймээс эдгээр хүмүүс ганц нэгээрээ чулууны нэр уншин алхаж буйг сурвалжилснаа уншигч танд хүргэж байна.

Унзад хоолойгоор маани хөгжөөх лам нарын дуу машины чимээнээс ч чанга гэх чинь нүргэнэ. Өргөл барьц өргөх байгаль дэлхийдээ өргөх бөгөөд түүнийг элээ, хэрээ шүүрэн нисэж байв. Тиймээс тус лам нарын ном хурж буй газар очлоо. Учир байдлыг тодруулбал Самбадхүндэв оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл хэрэгжиж буй болон тус оршуулгын газарт байгаа шарилуудыг нүүлгэн шилжүүлэх болсонтой холбогдуулан ийнхүү ном хурж буй аж.

Лам нарын ярьж байгаагаар Далан давхрын нэг хэсэг Самбалхүндэвийн оршуулгын газар нь нийт 70га талбай бөгөөд эхний ээлжид  10 га талбайд тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж ийнхүү нүүлгэн шилжүүлэх  ажлыг эхлүүлэх болоод буй энэ гэнэ. Мөн төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байдалтай буй хэлж байлаа. Үүнээс илүү хариулт өгөхөөс лам нар татгалзсан юм. Тиймээс бид энэ төслийг хэрэгжүүлж буй Ньюсиметри ХХК-ийн гүйцэтгэх захирал Захирал н.Мөнхзаяагаас тодруулсан юм.

Тэрбээр “2013 онд УИХ-ын тогтоолоор Самбалхүндэв оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн тогтоол гарсан. Өнөөдрийг хүртэл тогтоол шийдвэр нь хэрэгжээгүй байна. Ньюсиметри ХХК өөрийн хөрөнгөөр энэхүү төслийг хэрэгжүүлэх хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт Монголчууд эрт дээр үеэс эцэг, өвгөдөө ариун дагшин газарт нутаглуулсаар ирсэн. Гэвч эндхийн нөхцөл байдал нь ухаж төнхөөд, шороо тоос бужигнасан харамсалтай дүр зурагтай байна. Хоёрдугаарт суурин хоттой хаяа залган оршиж байгаа оршуулгын газрууд н иргэдэд төдийгүй ирээдүй хойч үеийнхний эрүүл аюулгүй байдалд амьдрах нөөц боломжийг өдрөөс өдөрт устган доройтуулж байгаа явдал юм. Нийслэл хотыг тойроод олон оршуулгын газрууд байдаг. Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байх ёстой эх хотын хөгжилд эдгээр оршуулгын газрууд нь ихээхэн саад тотгор учруулж буйг нуух юун. Тиймээс манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон улсын жишигт нийцсэн зан үйл, ахуй уламжлалаа хослуулан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа билээ. Бид хууль зүйн зөвлөгөө, эрхзүйг зөвлөгөө, сэтгэлзүйн зөвлөгөө өгч, моргийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Мөн энэ газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар 93 хувь нь дэмжсэн. Үүнээс харахад нийгмийн хүлээлтэд төсөл байсан байна гэж харагдаж байгаа юм” гэв.

Тиймээс бид тус оршуулгын газрын нэгэн шарилын дэргэд уйлан суух өвгөнөөс байр суурийг тодруулсан юм. Тус өвгөн бидэнд нэр нууцлахыг зөвшөөрөн дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Би том ахынхаа шарилын дэргэд сууж байна. Өнөөдөр сайн өдөр лам нар ном хурна гэхээр нь ирлээ. Гэтэл одоо юуг болох гээд байгааг сайн ойлгохгүй байна. Хүн алтан дэлхийдээ нэг л оршуулагдана. Түүнээс биш хоёр удаа оршуулагддагүй юм. Миний ахын болон энд нутаглуулсан талийгаачдын газрыг хөндөх гэж байх шиг байна. Би энэ тал дээр үнэхээр их гомдож байна. Улс эх орныхоо төлөө хөдөлмөр хийж яваад алтан дэлхийдээ оршуулагдсан хүмүүсийн сүнс энэ газраа шингэсэн байгаа шүү дээ. Гэтэл үүнийг нь хөндөөд дахин оршуулна гэнэ.  Юу гэсэн үг вэ. Нэг хүнийг хоёр оршуулна гэдэг. Би үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр эвгүй, хэцүү санагдаж байна. Цэцэрлэгт хүрээлэн барина гээд байгаа хэдий ч яваандаа барилга барих биз. Би энэ газрыг хөндүүлэхгүй л гэж бодоод энд сууж байна” гэсэн юм.

Энэхүү оршуулгын газарт ойр дотнын хүнээ нутаглуулсан иргэд тэднийгээ хайгаад чулуу бүхний нэрийг уншин алхана. Оршуулгын чулууны зарим нь унасан. Ганц нэгнийх нь тарваганы нүх шиг онгойсон харагдаж байв. Мөн ар гэрийнх нь хүмүүс шилэн хоргойд зул асаан өргөжээ. Энэхүү оршуулгын газар толгой гудайн, хойш урагшаа багагүй хугацаанд холхиж буй эмэгтэй амандаа хүмүүсийн нэрийг бувтнан явав. Тэрхүү эмэгтэй дээр очин тодрууллаа. Тэрбээр “Энэ газар цэцэрлэгт хүрээлэн барихад ихэнх хүн дургүй байгаа. Гэтэл 93 хувь нь дэмжсэн гэж яриад байна. Би энд бурхан болоочынхоо шарилыг хайж явна. Бараг 20 гаруй жилийн өмнө эмээгээ нутаглуулсан хайгаад олдоггүй. Манай хамаатны дүү бас энд аавынхаа шарилыг хайгаад явж байгаа. Өглөөнөөс хойш хайлаа. Хэрвээ олох юм ядаж чандарлуулах арга хэмжээг нь авахуулдаг юм билүү дээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон гэдэг нь сонин л санагдаад байгаа юм” гэх хариултыг өгсөн юм.

Самбалхүндэв оршуулгын газарт ар гэрийнхээ хүнийг нутаглуулсан иргэд өглөөнөөс орой болтол шарилын чулуу хайж байна. Тэд сэмэрхий хадаг, онхол, түнхэл, онгорхой, цөмөрсөн нэр хаяггүй шарилын дундуур явж буйг харахад өрөвдмөөр. Энэхүү газарт шарил хайж буй иргэдийн ихэнх нь “Оршуулах ёслол хоёр үйлдэхийг харах нь дээ. Үнэхээр утгагүй санагдаж байна” гэх хариултыг өгсөн юм. Ургахаар нараар ирсэн тэд үдшийн бүрийн хүртэл бурхан болоочдоо хайгаад олохгүй явж хараад өрөвдөх сэтгэл төрж байсныг нуух юун билээ.

https://ergelt.mn/news/66/single/20277


URL: