Нярай хүүхдээ газар тавьсан гэр бүлд Зөрчлийн хэрэг үүсгэж болзошгүй

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хэвлэлийн хурал хийн, дараах мэдээллийг өглөө. Тус газрын мэргэжилтэн н.Бахытгүл:

-Хүүхэд нярай учир аль болох ээжээс нь салгахгүй. Хэрэв гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдвол Цагдаагийн байгууллага шалгана. Бид хүүхдийг асран, усанд оруулж хооллосон. Хөхөөр хооллодог тул хүүхэд эхэндээ угжаа идэхгүй байсан ч өнөөдөр хэвийн хооллож байна. Одоогоор тухайн гэр бүл хүүхдэд үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн, хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэх дүгнэлт гарсан. Иймд гэр бүлд 300 мянган төгрөгийн торгуулийг Зөрчлийн хуулийн дагуу ногдуулна. Гэхдээ цагдаагийн байгууллагаас эцэг эхийн согтуурлын зэрэг гэх мэт мэдээллийг ирүүлэх шаардлагатай.

Бие мах бодийн болон сэтгэл санааны хохирол учруулсан эсэхийг шалгана. Шалгалтыг хамтарсан баг хийнэ. Энэ багт хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийг хамгаалагч, цагдаагийн байгууллагын төлөөлөл багтдаг. Иргэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй.

Хүүхдийн 108 утас үнэ төлбөргүй. Хүүхдийг газар байхад харсан иргэд 102, 108 дугаарын утсанд дуудлага өгөөгүй. Цахим орчинд мэдээллийг байршуулжээ. Иргэд энэ тохиолдолд шууд 108 руу хандаарай. Иргэн хүүхэд газарт 2-3 минут байсан, ээж аав нь хоорондоо маргасан гэж бидэнд мэдээлсэн. Хүүхдийн нус гоожсон байдалтай байна. Бусдаар эрүүл мэнд нь хэвийн.

Ээж аав нь согтуу байсан тул цагдаа нар эрүүлжүүлэхээр авч явсан гэв.

Улсын хэмжээнд энэ онд хүүхдийн 108 тусламжийн утсанд маш олон дуудлага иржээ. Нийт дуудлагын тал нь ээж аав нь архидан согтуурсан гэсэн гомдол байжээ. Ээж аавууд ихэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг тул энэ оны эхний өдрөөс эхлэн байгууллага бүр дэргэдээ Эцэг эхийн зөвлөлтэй байх тухай тусгажээ. Энэ заалтыг хэрэгжүүлэх уриалгыг н.Бахытгүл гаргалаа. Мөн тэрээр гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал архидалт байгаа тул эргэн тойронд тань ийм донтолттой иргэд байвал тусалж дэмжихийг хүсэв.

Нийслэлийн есөн дүүргийн 4-т Түр хамгаалах байр бий. Эдгээрт эрсдэлд орсон хүүхдүүдийг түр хугацаагаар асран хамгаалдаг. Хүүхэд давтамжтай ирвэл асрамжийн газар руу илгээдэг байна. Энэ онд хоёр хүүхдийг асрамжийн газар руу илгээжээ. Хорооны хамтарсан баг энд ирсэн хүүхдүүдийн гэр бүлд хяналт тавьдаг байна.

“Ид шидийн орон” ТББ мөн хүүхдүүдэд түр хамгаалах байр ажиллуулдаг юм. Нийслэлд нийт 11 байр үйлчилгээ үзүүлж байна.


URL: