Hitachi корпорац дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжжээ
Японы электроникийн аварга корпорац Hitachi энэ сараас эхлэн дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжжээ.
Дэлхий даяар олон бизнесийн байгууллага ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэрийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажлын таван өдрөөс дөрвөн өдөрт шилжиж байгаа.
Panasonic Holdings, NEC зэрэг Японы томоохон компаниуд бас энэ онд багтаан дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжихээр бэлдэж эхэлжээ.
Hitachi корпорацын хувьд шинэ журам шинэ санхүүгийн жилээс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
Тус компанийн 15,000 орчим ажилтан шинэ журмаар ажиллаж эхлэх юм.
Шинэ журмын дагуу ажилтан Даваагаас Пүрэв гарагуудад илүү цагаар ажилласан тохиолдолд Баасан гарагт амрах боломжтой болжээ.
Өдөрт ажиллах стандарт цаг 7 цаг, 45 минут байдаг. Харин Даваагаас Пүрэв гарагуудад өдөрт 9-10 цаг ажилласан бол Баасанд амрах эрх нээгдэх юм байна.
Ажилтан бүр ажлын цагаа ингэж тус тусдаа зохион байгуулах боломжтой гэнэ.
Үүнээс гадна сарын эхний хагаст уртасгасан цагаар ажиллаад сарын сүүлээр нөхөж амрах боломж нээгджээ.
Япон улсын засгийн газар дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг нэвтрүүлэхэд нь хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэх бодлогын баримт бичгийг өнгөрсөн оны зургаадугаар сард баталж байв.
Дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг Америк, Европын олон компани нэвтрүүлээд байгаа.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ридингийн Их сургуулиас дөрвөн ажлын өдөртэй долоо хоногт шилжсэн Их Британийн 500 компанийн дунд судалгаа явуулахад дийлэнх хэсэг нь сайн үр дүнтэй байгааг баталжээ.
Тухайлбал тэдний 68 хувь нь авьяас чадвартай сайн ажилтан олж авах боломж нэмэгдсэн гэж хариулсан бол 66 хувь нь үйл ажиллагааны зардал буурсан гэж хариулсан байна.
Эх сурвалж: Nikkei
URL: