ЭДИЙН ЗАСАГ: АМ.ДОЛЛАР МАГНАГ БОЛЖ БАЙНА
-АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3000-3200 ТӨГРӨГТ ХЭЛБЭЛЗЭЖ БАЙНА-
Монголбанкны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хаалтын ханшаар төгрөгтэй харьцах ам.долларын үнэ 3021 төгрөгт хүрчээ. Харин евро 3239.69, фунт 3939.69, рубль 38.22, юань 474.79 төгрөгт хүрсэн байна.
Гуравдугаар сарын 28-ны буюу хоёр долоо хоногийн өмнөх Монголбанкны ханшаар ам.доллар 2979.20 төгрөг байсан. Тэгвэл өнгөрсөн 14 хоногт төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1.4 хувиар өсжээ. Харин “Найман шарга” захад 14 хоногийн өмнө 2970-3050 төгрөгт хэлбэлзэж байсан ам.долларын ханш энэ хугацаанд 7.7 хүртэлх хувиар өсөж, 3000-3200 төгрөгт хэлбэлзэж байгаа юм байна.
Сүүлийн нэг сарын хугацаан дахь ам.доллар өсөлт.
-“НОГООН” МАГНАГ БОЛСОН Ч, ОЛДОЦ НЬ БУУРЧЭЭ-
Ам.долларын олдоц багассаныг “Найман шарга” захын ченжүүд онцолж байгаа. Цахим сүлжээнд байршуулсан нэгэн жиргээнээс олж үзвэл, дээрх шалтгаанаас үүдэн зарим валют арилжааны газрууд ханшаа байрлуулаагүй байгаа гэнэ. Харин зарим хувь ченж цахим хуудастаа “Орос иргэд их хэмжээ ам.доллар солиулж байгаагаас “ногоон”-ы олдоц буурсан” гэж байна.
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор төгрөг, юань, рубль зэрэг валютаа ам.доллароор солиулах хүсэлтэй иргэд олширсон аж. “Фэйсбүүк” сүлжээний гадаад валют авах, зарах болон мөнгөн тэмдэгтүүдийн ханшийн талаар мэдээлэл оруулдаг группт ам.доллар сураглах хүн олон байх. Иргэд өөрийн албан ёсны болон хуурамч хаягаас 1-20 мянган ам.доллар худалдаалах ченж, хувь байгааг сураглаж байна. Ингэхдээ арилжааны банкууд ам.доллар гаргахгүй, зарим нь “үнэнч хэрэглэгч”-иддээ хязгаартай ам.доллар олгож байгааг онцолж байх юм. Сүүлийн үед Монголбанк болон бусад арилжааны банканд ам.долларын нөөц багасаж, өдрийн ам.долларын гүйлгээнд хязгаар тогтоосон гэх шуум бий. Энэ талаар Монголбанкны мэргэжилтнээс тодруулахад “Манайд улсын валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байгаа” гэсэн юм.
2022 оны гарснаас хойш буюу ердөө гурван сарын хугацаанд олон улсын зах зээлд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өссөн. Монгол Улс жилд нэг тэрбум орчим ам.доллароор 1-1.2 сая тонн шатахуун импортолж, хэрэглээгээ хангадаг. Тэгвэл газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор зөвхөн шатахууны импортод зарцуулах мөнгө 300-400 сая ам.доллароор нэмэгдэх болсон нь Монгол Улсын нөөц ам.долларт нөлөөлж болзошгүй.
-ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГОЛЛОХ ЗУРГААН ВАЛЮТТАЙ ХАРЬЦАХ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 99.77 НЭГЖИД ХҮРЭВ-
НАТО болон Европын холбооноос Зүүн Европт үүсээд байгаа мөргөлдөөнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тэгвэл тус хориг арга хэмжээтэй холбоотойгоор дэлхийн нөөц валют эрэлт өсөж, ам.долларын ханш бараг бүх валютын эсрэг өсөөд байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сангаас инфляцийн өсөлтийг хянахын тулд хүүг нь өсгөхөөр болж, ам.долларын ханш сүүлийн хоёр жилийн хамгийн дээд цэгтээ хүрчээ. Олон улсын зах зээлд голлох зургаан валюттай харьцах ам.долларын ханш 0.2 хувиар өсөж, 99.7780 нэгжид хүрсэн байна.
-АМ.ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨД ДЭЛХИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮН, КОМПАНИУД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ-
АНУ-ын хамгийн том брокер диллер гэгддэг “LPL FINANCIAL” компани:
Инфляцын дарамт их байгаа нь ам.долларын өсөлтөд нөлөөлж байна. Өнгөрсөн сард ОХУ, Украины мөргөлдөөнтэй холбоотой асуудал ам.долларын бусад валюттай харьцах нэгжийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Харин одоо ам.долларын ханшийн өсөлт хоёр орны мөргөлдөөнд ч эерэг хариу үзүүлж мэднэ. Одоогийн байдлаар АНУ-ын Холбооны нөөцийн сан 60 тэрбум ам.доллар буюу гурван сарын хугацааны балансыг барьж байгаа.
Олон улсын бонд, гадаад валютад судалгаа, шинжилгээ хийдэг “ACTION ECONOMICS” компани:
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн 95 тэрбум ам.долларын тэнцэл ирэх саруудад 100 тэрбум ам.доллар болох хүлээлттэй байна. Тус сангийн протоколд тайлбарласнаас иентэй харьцах ам.долларын ханш 123.78 нэгжид хүрсэн АНУ сүүлийн хоёр жилийн гадаад валютын өгөөжөө хүртэх боломжтой болж байгаа юм.
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Ерөнхийлөгч ЛАЭЛ БРАЙНАРД:
АНУ-ын мөнгөний бодлогыг илүү төвийг сахисан байр суурьтай болгоно. Ам.долларын ханш түүхэн үеийг давсан. Харин одоо шаардлагатай бол чангатна.
https://ergelt.mn/news/48/single/20122
URL: