Дарга нарынхаа машиныг хураагаад хэмнэж чадах уу, УИХ-ын дарга аа

a9260a31dce5440e746dd309416ab179Дааганаас унаж биш, дарвагар амнаасаа болдгийн жишээг УИХ-ын дарга биеэрээ мэдрэхээр болов хөөрхий. Угтаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн хүнд үед иргэд тансаг хэрэглээгээ хэмнэ” гэж чуулганы хуралдааны үеэр индэр дээрээс хэлж, ард түмэнд ам руугаа нэг сайн алгадуулав бололтой. Ковидын хөл хорионоос хойш олигтой өндийгөөгүй манай улсын эдийн засаг хөрш орнуудын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж, дахин хүндрэх эрсдэл нүүрлээд буй. Эдийн засгийн энэ өсөлт нь иргэдийн нуруун дээр ачаа болж, сүүлийн хоёр жилийн хугацаанд бүсээ чангалсан ард түмний хувьд амаргүй цаг хугацааг туулж байна. Гэтэл дарин дээр давс гэгчээр Их хурлын даргын үг дэндүү хатуудаж, иргэдээ тохуурахсан үйлдэл болсон. Г.Занданшатар даргын хэлсэн ил үг иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж, төр, төрийн томчуудыг өөрсдийг нь хэмнэлтийн горимд шилжихэд хүргээд байна.
             Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Төв талбайд залуус жагсаал зохион байгуулж, УИХ, Засгийн газрыг ажлаа хийхийг сануулсан. Жагсаалд оролцогсдын олонх нь Их хурлын даргын индэр дээрээс хэлсэн дээрх үгийг иш татаж энэ хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлэхийг сануулсан ширүүхэн шаардлагаа төрд тавьсан юм. Ингэхдээ тэд “Өөрсдөө хэмнэ”, “Өлсөж үхлээ”, “Төр хэмнэ гэв, цаас авахаас хэмнэв”, “Ажлаа хий” гэх мэт үгсийг Монгол мөнгөн дэвсгэртээр бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн нь амьдралаас тасарсан дарга нарт хатуухан сануулга болов.
      Ямар сайндаа л Ерөнхий сайд талбайд цугласан залуусын өмнө өөрийн биеэр гарч ирж, ээрч муурсан мэдэгдэл хийж, өөрийгөө хамгаалах хэдэн үгс тойруулж, тойглож хэлж харагдана лээ.

Ямартай ч залуусын жагсаал эрх баригч намынхныг хэрэнд нь сандаргаж, барьц алдуулж, хүнд хөлтэй тэднийг хөдөлгөөнд оруулахад хүргээд байна. Хэрэв зээ тэд энэ хэвээрээ хөл, гараа хүлүүлсэн аятай хуруугаа хөдөлгөхгүй төрд суувал ирэх сонгуульд хэцүүдэж мэдэхээр байгааг анхааруулсан чухал сануулга байлаа.

          Жагсаалд оролцогсод Засгийн газарт 15 шаардлага хүргүүлж, Засгийн газрыг тэр даруй ээлжит бусаар хуралдуулсан. Тэдний тавьсан шаардлагын хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-д нэн яаралтай журмаар хэлэлцэх саналыг өргөн мэдүүлээд байгаа.
           УИХ дөрөвдүгээр сарын 15-ны дотор энэ хуулийг гурван хэлэлцүүлгийг амжуулж, эцэслэн батлахаар боллоо. Энэ хууль батлагдсанаар олон улсын зах зээлд огцом өсөж байгаад, магадгүй мянгаас дээш төгрөгөөр өсөх боломжтой шатахуун, мах, гурил болон хэлэлцүүлгийн явцад зарим шаардлагатай гэж үзсэн хүнсний бүтээгдэхүүнийг энэхүү хямралт үед Монголбанктай хамтран мөнгөний бодлогыг харилцан уялдаатай зохицуулах боломжийг эрхзүйн хувьд нээж өгөх боломжтой. Төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна. Цаашлаад төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих зэрэг бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн.

Хэлсэн үгэндээ банга хүртсэн УИХ-ын дарга Г.Занданшатар ажилдаа шуурхайлан орж, амралтын өдрөөр гишүүдээ дуудаад тунчиг ажил хэрэгч хандаж байгаа харагдана лээ. Ингэхдээ бүүр мөнөөх хэмнэлтийн горимоо УИХ-ын харьяа байгууллагуудаасаа эхлүүлж, үлгэр жишээ болох юм гэнэ.

             УИХ-ын дарга Г.Занданшатар Ажлын хэсгийн хуралдааны үеэр “Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод “570, 200″ унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй” хэмээв.

               Ингээд л УИХ-ын даргын хэлсэн хэмнэлтийн горимыг сайд дарга нар өөрсдөө эхлүүлэх үүрэг хүлээх болов. Өөрөөр хэлбэл, УИХ-ын харьяа байгууллага болох УИХ-ын Тамгын газар, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг албан байгууллагын дарга нар том оврын жийп машинаа хураалгаж, хэмнэсэн мөнгөө улсын орлого болгох лүндэн Г.Занда шатар дарга буулгалаа. Гэвч өнөөдөр дээрх харьяа газарт харьяаллагддаг,  хэдэн даргын хэдэн том оврын автомашин байгаа, тэдгээр нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох нь тодорхойгүй байна.  Өөрөөр хэлбэл, том оврын автомашиныг дарга нар унахгүй гэх шийдвэрийг гаргасан ч цаасан дээр гаргасан тооцоолол алга.

           Их хурлын дарга хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж байгаа бол нэг мөсөн ард түмэнтэйгээ нийтийн тээвэртээ суугаад ирэх нь зүйтэй болов уу. Ёстой л өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчийн үлгэрээр орох шиг боллоо.
https://ergelt.mn/news/44/single/20119

URL: