СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХЭЛТСИЙН ХОХИРОГЧ: Н.Уранчимэг дарга “Группын мөнгөөрөө амьдрахгүй юу” хэмээн загнаж, миний нэрээр өөр ажилтанд зээл авч өгсөн
Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэгийн улсын төсвөөс мөнгө “иддэг”, ажилчдынхаа үр дүнгийн урамшууллыг буцааж авдаг, ажилчдаа дарамталж, айлган сүрдүүлдэг, бусдын нөхөн үржихүйн халдашгүй эрхэд халддаг зэрэг ес зүйгүй үйлдлийг удаа дараа тэвчиж чадаагүй, ажиллах орчин бүрдээгүйн улмаас 30 орчим мэргэжилтэн ажлаа өгсөн зэрэг хүний эрхийг олон төрлөөр зөрчдөг болохыг бид өмнө нь баримттай нийтэлсэн. Н.Уранчимэг нь ажилчдадаа ажлын байрны дарамт үзүүлж, урамшууллыг нь буцаан авахаас гадна цалингийн зээл авахуулж, мөнгийг нь авсан тохиолдол ч байгаа юм байна. Энэ талаар тус хэлтсийн ажилтан “Би Орост есөн жил ажиллаж, амьдарсан. Гэвч золгүй байдлаар ханиа алдаж, Монголдоо амьдрахаар болсон. Хожуу хамтран амьдрагчтай болсон боловч түүнээс болж, нүдний хагалгаанд орж, хөдөлмөр эрхлэх чадвараа 80 хувь алдсан. Одоо хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарч байгаа. Миний амьдрал хөмөрсөн тогоо шиг л байна. Би Н.Уранчимэг даргатай анх ажилд орохдоо ойр дотно, сайхан харилцаатай байсан. Одоо намайг “Сохор, доголон” хэмээн доромжилж, шинээр орсон ажилчдад миний талаар худал, үнэн юм байнга ярьдаг гэсэн. Мөн намайг маш ихээр гадуурхаж, олон нийтийн арга хэмжээнд оролцуулдаггүй, үг, үйлдлээрээ байнга доромжилдог. Намайг хувийн автомашинаа угаа гэхэд нь ажлаа алдахгүйг бодоод би угааж байсан. Гэхдээ түүнд намайг ажлаас халахгүй байх олон шалтгаан бий. Би түүний ажлын байрандаа ямар байдалтай байдаг, хэнтэй гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэдэг гэх олон хувийн нууцыг нь мэднэ. Тийм болохоор намайг ажлаас халж чаддаггүй юм. Насанд хүрээгүй охиныг минь өрөөндөө авч ороод намайг маш бүдүүлэг үг, хэлээр доромжилж, муулсан байсан. Үүнээс болж охин минь гэртээ хариад гурван цаг уйлсан. Би амьдралын шаардлагаар 1.5 сая төгрөгийн цалингийн зээл авахаар тодорхойлолт хүсэх үед Н.Уранчимэг дарга албан тушаалаараа дарамтлан Хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан Д таван сая төгрөгийн зээл нэмэлтээр авахуулсан. Тэр мөнгийг Д ганцаараа авсан юм уу, түүний нэрээр дарга өөрөө авсан юм уу мэдэхгүй. Ямар ч байсан Д-ийн данс руу таван сая төгрөгөө шилжүүлсэн. Гэтэл Д нь одоогоор 2.5 сая төгрөгийг нь төлсөн боловч, үлдэгдлийг нь хэзээ төлөх нь тодорхойгүй байгаа. Би сүүлийн хоёр сарынхаа цалинг авч чадаагүй. Энэ тухайгаа хэлтэл Н.Уранчимэг “Группын мөнгөөрөө амьдрахгүй юу” гэж загнасан. Би гурван сарын өмнө Н.Уранчимэг даргын дарамтыг тэсэхгүй ажлаасаа гарсан. 24 ажилтнаа бүгдийг нь сольчихсон юм билээ” гэв.
https://ergelt.mn/news/21/single/20102
URL: