Л.Оюун-Эрдэнэ: Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор батлуулна

Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Залуус үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардсан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх тайван жагсаал цуглаан хийх эрхээ эдэлж байгаа эрхэм иргэд ээ, эрхэм оюутан залуучууд та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 шаардлагыг ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд дараах хариуг өгч байна.

  1. Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн үнийн өсөлт  хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг боловсруулан нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ-аар дөрөвдүгээр сарын 15-ны дотор амжуулж хэлэлцүүлэн эцэслэн батлуулна. Хуулийн төслийг УИХ-д Засгийн газраас яаралтай байдлаар өргөн барилаа.
  2. Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл хийсэн. Жагсаал цуглаантай холбоотойгоор саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж мэдээлсэн. Дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй гэх амлалтыг ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагууд мэдэгдэж, энэ нь засгийн газрын протоколд үлдсэн.
  3. Авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгасан хуулийн төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтов. Мөн Та бүхний шаардсан шаардлагыг Авлигатай тэмцэх газар шалгах талаар Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасан өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд багтсан байгаа болно.Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, сонгон шалгаруулалтыг ил тод болгоно.
  4. Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэмнэлтийн тусгай горимд ковидын үед шилжсэн тогтоолыг сэргээсэн. Үүнд, төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хотод ашиглахгүй байх. Улаанбаатар хотод ашиглахгүй байх, хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэнэ. Төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих болон бусад хяналттай холбоотой асуудлыг шийдвэрлэлээ.
  5. Залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах холбогдох арга хэмжээг авах болно.
  6. Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, олон улсын төлбөр тооцоо, сонгуулийн хар машин, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаар шийдвэрлэх боломжгүй тул ирэх долоо хоногт Улсын Их Хурлын удирдлага, холбогдох Байнгын хороонд Засгийн газраас хүргүүлж хариу өгнө.

Засгийн газар дангаар шийдэх боломжгүй асуудлыг УИХ-тай хамтран шийдвэрлэх болно. Та бүхний 15 заалт бүхий шаардлагын 11 заалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Жагсаж буй залуучуудаа Та бүхэн нэгдсэн зохион байгуулалтад орж төлөөллөө сонговол Засгийн газар хамтран ажиллахаа дахин илэрхийлье.
Монголчууд эвлэлдэн нэгдэх болгондоо өөдлөн дэвжиж, талцан хуваагдах бүртээ уруудан доройтдог. Иймээс Та бүхнийг эвтэй байхыг хичээнгүйлэн хүсье” гэв.


URL: