Оросын цэргүүд Бучад хядлага үйлдсэнийг батлах ярианы бичлэгийг Германы тагнуулынхан олж авчээ

зураг

Украины нийслэлийн ойролцоох Буча хотод Оросын цэргүүдийн хоорондоо харилцаж байсан радио холбооны бичлэгийг Германы  гадаад тагнуулын алба BND олж авсан тухай Spiegel сэтгүүл мэдээлжээ.

BND уг материалаа Лхагва гарагт Германы парламентын гишүүдэд танилцуулсан юм байна.

Spiegel сэтгүүлийн мэдээлснээр цэргүүдийн ярианы бичлэг тэднийг Бучад хядлага үйлдсэнийг баталж байгаа гэнэ.

ОХУ-ын эрх баригчид Бучад аллага үйлдсэнээ үгүйсгэж, үүнийг Украины засгийн газрын зохион байгуулсан сөрөг суртал нэвтрүүлгийн арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа.

Германы тагнуулын олж авсан бичлэгт Оросын цэргүүд иргэдийг буудахаасаа өмнө яаж байцааснаа ярилцаж байжээ.

Мөн гудамжаар дугуйтай явж байсан иргэнийг хэрхэн буудсанаа хоорондоо ярилцаж байсан гэнэ.

Цэргүүдийн ярианы өнгөнөөс тэд энгийн иргэдийн амийг хөнөөснөө онцгой үйлдэл биш, өдөр тутам хийдэг зүйл шигээ ярьж байгааг мэдэрч болохыг BND парламентын гишүүдэд тайлбарласан тухай Spiegel мэдээлжээ.

Мөн Германы тагнуулын алба Бучагийн аллагад Оросын Wagner Group хувийн компанийн хөлсний цэргүүд оролцсон тухай баримтыг олж авсан гэнэ.

Тус бүлгийн хөлсний цэргүүд Сирийн дайнд оролцож байсан ба харгис зэрлэг байдлаараа онцгойрч байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Мали улсад 300 энгийн иргэний амийг бүрэлгэсэн хэрэг илэрч байв. Тус улсад Wagner Group-ийн хөлсний цэргүүд үүрэг гүйцэтгэж байгаа ба дээрх аллагад оролцсон тухай мэдээ ирж байна.

Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Буча хотын захирагч Анатолий Федорук өдөр бүр энгийн иргэдийн цогцос нэмж илэрсээр байгааг мэдээлжээ.

Тэдгээрээс 302-ыг нь хэн болохыг тогтоож чадсан байна.

“Алагдсан иргэдийн 90 орчим хувь нь бөмбөгний хэлтэрхийд өртөж бус, буудуулж алагдсан байна” гэж Федорук ярьжээ.

Одоо олон улсын хүний эрхийн байгууллагууд Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн “дайны гэмт хэрэг”-ийн баримтуудыг цуглуулж байна.

Өчигдөр Эмнести Интернэйшнл байгууллага Киевийн ойролцоо гарсан гэмт үйлдлүүдийг гэрчилсэн 20 хүний ярилцлагыг нийтэд хүргэжээ.

 

Эх сурвалж: The Guardian


URL: