Баруун Африкт хүнсний ноцтой хямрал нүүрлэжээ
РАБАТ. /TASS/. Баруун Африкт сүүлийн арван жилийн хамгийн хүнд хүнсний хямрал нүүрлээд байгаа бөгөөд ойрын үед улам дордож болзошгүй байгаа талаар “Oxfam”, “Save the Children”, “International Rescue Committee” зэрэг олон улсын төрийн бус байгууллагуудын хамтран гаргасан тайланд дурджээ.
“27 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авахгүй бол зургаадугаар сар гэхэд энэ тоо 38 саяд хүрч магадгүй” гэж “Maghreb Arabe Presse” (MAP) мэдээллийн агентлаг тайлангаас эш татан мэдээлсэн байна.
“Сүүлийн 10 жилийн хугацаанд хүнсний хямрал намжаагүй төдийгүй Баруун Африкийн бүс нутагт, ялангуяа Буркина-Фасо, Нигер, Чад, Мали, Нигерид улам бүр дордож байна. 2015-2022 он хүртэлх хугацаанд хүнсний яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийн тоо бараг дөрөв дахин нэмэгдэж, 7 саяас 27 сая болсон” гэж тайланд онцолжээ.
“Oxfam” байгууллагын Баруун ба Төв Африкийн бүсийг хариуцсан захирал Ассалама Давалак Сидигийн хэлж буйгаар, “үр тарианы үйлдвэрлэл өнгөрсөн жилтэй харьцуулахад Сахелийн бүсийн зарим нутагт гуравны нэгээр буурсан байна. “Айл өрхийн хүнсний нөөц дуусаж байна. Ган гачиг, үер, мөргөлдөөн, коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагавар олон сая хүнийг эх нутгаа орхиход хүргэж, тэднийг ангалын ирмэг рүү түлхэж байна” гэж тэрбээр хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: