“Үнийн өсөлтийг онцгой журмаар зохицуулах зайлшгүй шаардлага тулгарлаа”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.04.05/ өргөн барилаа.
Ерөнхий сайд “Цар тахлын цаашдын төлөв, ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байна. Иймд ард иргэдийн амьдралд гол нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар зохицуулж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Иймд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэж онцоллоо.
Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.
Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулахаар заажээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
URL: