“Сахал” Эрдэнэбилэгийг Дэлхийн хамгийн аюултай этгээдээр нэрлэгдэж байсан Эль Чапотой зүйрлэв
Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй зарим асуудалд хариулт өглөө.
Энэ үеэр сэтгүүлч “Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн ихэнх нь нэг хүнтэй /Д.Эрдэнэбилэг/ хамааралтай байгаа. Энэ асуудлыг яг ямар замаар шийдэх гэж буйгаа тодорхой хэлэхгүй юу” гэж асуув.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “”Сахал” Д.Эрдэнэбилэг бол Монголын Эль Чапо юм даа. Бүх шүүгчдийг томилдог. Одоо ч түүний гар хөл болсон шүүгчид ажиллаж л байна. Хөтөлийн үйлдвэртэй холбоотой асуудлыг бид шийдсэн. Хэн нэг хүний хувийн өмчид халдаж байгаа асуудал биш юм шүү. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс зангидсан хэрэг биш. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой шүүх дээр нэг гацаа үүссэн байгаа. УИХ-ын тогтоол “Хэлцэл хийж” гэдэг үгтэй гарчихсан. Гэтэл УИХ-тай хэлцэл хийхгүй гүрийгээд байгаа. Гарын үсгээ зур гэхээр үгүй гээд байж байгаа гэсэн үг. Тэгэхээр, УЕП-ыг оролцуулж, Хөтөл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 49 хувийн өрөнд нь суутган тооцъё гэвэл ямар хэмжээний дүнтэй болох вэ гэдгийг гаргаж өгөх хүсэлт тавьсан байгаа” гэв.
Тэгвэл Д.Эрдэнэбилэгтэй зүйрлэсэн Эль Чапо гэж хэн бэ ?
Түүний хувьд алдарт Усама бен Ладен нас нөгчсөний дараа дэлхийн хамгийн аюултай эрэн сурвалжлагдаж буй гэмт этгээдээр шалгарч байж. Мексикийн хар тамхины толгойлогч бөгөөд улсынхаа хамгийн нөлөө бүхий хүнээр хүртэл шалгарч байж ээ. Мөн АНУ-аас түүнийг барьсан хүнд 5 сая ам.долларын шагнал амлаж байсан юм.
URL: