Б.Жавхлан: Монголбанк алтыг Лондоны металлын биржийн үнээс 5%-ийн нэмэгдэлтэйгээр худалдаж авна

fc2010087db161aea3c3c064fcd890aa

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанканд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авна.

Түүнчлэн ашигт малтмалаар олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргийг хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэнд энэ хуулийг хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй.

Өөрөөр хэлбэл, Төв банканд одоо ч алтаа тушаах боломжтой болж байгаа” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Тус хуульд алт олборлогч ААН-үүдэд Монголбанкны алт, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулсан хэд хэдэн заалт бий. Алт олборлогч ААН-үүд нь Монголбанканд хандаж, эргэлтийн хөрөнгөний урт хугацааны болон урьдчилгаат төлбөрийн санхүүжилт аваад явдаг.

Энэ санхүүжилтийг үргэлжлүүлэх, Лондоны металлын биржээс 5 хувийн нэмэгдэлтэйгээр металл худалдан авах зэрэг заалтууд орсон бий” гэлээ.

 


URL: