УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ЭКСПОРТЫГ БҮХ ШАТАНД ДЭМЖИЖ, ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 4-р сарын 1-ний өдрийн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар салбарын сайд мэдээлэл өгсөн. Геологи хайгуул, олборлолт, борлуулалт болон хууль эрх зүйн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулах үеэр УИХ-ын дарга Г. Занданшатар экспортыг нэмэгдүүлэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам онцгой үүрэгтэй гэдгийг тодотголоо. Тухайлбал, уул уурхайн гаралтай эрдэс, түүхий эдийг боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой гэв. Тэрээр дан ганц энэ салбар бус бүх шатанд экспортыг дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхээс гадна гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулахад бодлогоор дэмжиж ажиллана гэж онцоллоо.
Бичлэг үзэх холбоос
https://youtu.be/BihLc6jVNSg
УИХ-ын дарга үргэлжлүүлэн цар тахлын улмаас хоёр жилийн турш эдийн засгийн сорилттой тулгарсны дараа гадаад байдал дахин хурцадмал болж, дэлхий нийтийг нөмөрсөн үнийн савлагаа манай оронд ч нөлөөлж байгааг дурдав. Ийм үед эрсдэлийг бодитой тооцоолж, боломж нөөцөө зөв ашиглан, олон нийтэд ил тод мэдээлэх зэргээр парламент болон засгийн газар нэгдсэн бодлогоор тууштай ажиллаж, хүндрэлийг даван туулах учиртайг хэллээ. Юун түрүүнд бүх шатны төрийн байгууллагууд тэвчиж болох бүх зардлуудыг танахаас төсвийн хэмнэлт эхэлнэ гэж тодотгов.
Бичлэг үзэх холбоос
https://youtu.be/l8W5RSF9W0o
Өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийт хангалттай бүсээ чангалсан учраас цаашид үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад онцгой анхаарч, ард түмнээ бодсон эх оронч санаачлага гаргах нь чухал гэж УИХ-ын дарга онцолсон юм. Ийм санаачлагаар ажилласан хувь хүн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжиж, урамшуулах нь зүйтэй бөгөөд нөгөөтэйгүүр иргэд олон нийт, төрийн байгууллагууд шат шатандаа нэгдмэл эрмэлзэлтэй байж, хүндрэлийг даван туулахыг уриалав.
URL: