“Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайрч бизнес хийж байна”

"Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайрч бизнес хийж байна"

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адуу нийгэмлэгээс “Монгол азаргыг хэрцгийгээр эрэмдэглэхээ зогсоо” сэдвээр хэвлэлийн хурал хийв.

Тус холбоо, нийгэмлэгийн төлөөлөгчид “Эрлийз адуу гэж ярьдаг. Тэгвэл энэ эрлийз адууг импортоор оруулж ирж гүүг хээлтүүлэхдээ маш харгис үйлдэл хийж байна. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайраад авчихдаг. Ингээд импортоор оруулж ирсэн цэвэр цусны буюу эрлийз азаргандаа гүүг нь хураалгаж, хээл авахуулж байна. Тэр азарга нь монгол адуу шиг гүүгээ хамгаалж, хурааж бэлчээрлэх чадамжгүй учраас зөвхөн гүүг хээлтүүлэх л үүрэгтэй.

Ингээд гүү хээлтсэний дараа эрлийз азаргаа авчихна. Үүний дараа гүүг буцаагаад ижил, сүрэгт нь авч ирж нийлүүлэхэд монгол азарганд гишгүүлэхгүй байх үүднээс сэлдийг нь тайрч байна. Нэг эрлийз азарганд 40-50 гүү хураалгаж байгаа гэж үзвэл цаана нь гурван монгол азарганы сэлдийг тайрч байгаа. Үүнийг адууны хашаатай /ферм/ айл бүр хийж байгаа.

Ингэж үржүүлгийн бизнес хийн, монгол адууг эрэмдэглэж, импортоор оруулж ирж байгаа азарганыхаа үр төлөөр бизнес хийж байна. Сэлдийгээ тайруулсан азарга маш өрөвдөлтэй. Байгалийн хуулиараа гүүгээ гишгэх хүсэл нь байдаг. Гэхдээ сэлдий нь тал учраас үржилд орох, үр төл нь үлдэх ямар ч боломжгүй.

Энэ харгис үйлдлийг таслан зогсоох, Монголд үржүүлгийн буюу эрлийз азарга оруулж ирэхийг хатуу хориглох  шаардлагыг бид Монгол Улсын Ерөнхийлөгч, ХХААХҮ-ийн сайдад хүргүүлж байна. Шаардлагыг хүлээн авахгүй бол дэлхийн амьтныг хамгаалах байгууллагуудад хандана. Хэрэв “Монгол Улс азарганы бэлэг эрхтнийг тайраад мөнгө олж байна” гэж сонсвол дэлхийн шившиг болно” гэв.

Мөн “Энэ мэдээллийг сонсож байгаа хүн бүр цахим хаягтаа “Туршуул азарга зарна” гэж бичээд хайгаад үзээрэй. Маш олон зар, мэдээлэл гарч ирнэ. Үүний цаана энэ аймшигтай, байж боломгүй бизнес цэцэглэж байгаа” гэж ярилаа.


URL: