“Найман шарга” зах рубль, евро авч дарах гэсэн хүмүүсийн хөлд дарагдаж байна

276141735_2102512083251565_4709467075888617317_nАмны хаалт, саравчтай малгайгаар нүүрээ далдалсан жижиг биетэй хятад эр орчуулагчаа дагуулаад лангуу болгоноор орж байна. Өдрийн валютын ханш бичсэн самбар руу зааж байгаад л орчуулагч руугаа юм хэлээд байх. Орчуулагч нь ч хэлсэн үг болгонд нь толгой дохисоор гарч явлаа.

            “Найман шарга” зах үүдний хажуу талын лангуу түрээслэгч эмэгтэй их л өндөр дүнтэй мөнгө яриад л мар мар инээх. 30 саяаа шилжүүлчихлээ. Чи рублиэ хэзээ авчрах гэж байна” гээд ярьж байснаа утсаа гараа дараад лангууны хажууд зогссон олон руу “За би утсаараа яриад дуусгачихъя, болох уу. Та нар хүлээж бай” гэв.

-ЕВРО, РУБЛИЙН ХАНШ УНАЖ, АМ.ДОЛЛАР, ЮАНИЙН ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙНА-

Өчигдөр буюу гуравдугаар сарын 29-нд Монголбанкнаас зарласан валютын ханшаар ам.доллар 2,979.20 төгрөг, евро 3,205.31 төгрөг, рубль 29.76 төгрөг, юань 459.29 төгрөгийн үнэтэй байсан. Үүнийг Монголбанкны өнгөрсөн сарын дундаж гадаад валютын ханштай харьцуулж үзвэл ам.долларын ханш өсөж, евро, рубль, юанийн үнэ буурсан байна.

          Харин “Найман шарга” захад ам.доллар 2970-3050 төгрөг, евро 3400-3460 төгрөг, рубль 34-34.60 төгрөг, юань 490-496 төгрөгийн үнэтэй буюу Монголбанкаас зарласан ханшнаас харьцангуй үнэтэй байв. “Найман шарга” захын лангуунууд дахь гадаад валютын дундаж үнэ өнгөрсөн сарынхтай харьцуулбал, евро, рублийн ханш унаж, ам.доллар, юань өсжээ.

-“ГАДААД ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭГ ДАГАЖ, РУБЛЬ, ЕВРО ХУДАЛДАН АВЧ БАЙНА” ГЭВ-

“Найман шарга” зах хөл хөдөлгөөн дарагджээ. Лангуу болгон нь л дүүрэн шахуу хүнтэй байх. Чихэлдэж ядсандаа үнэ харж зогссон нэгнээ “Чи зүгээр үнэ харж байгаа юм бол хойшоо зогсчихооч. Ажил төрөл хэцүүдлээ” гээд л нэгнийгээ түлхэх. Төгрөгтэй харьцах гадаад валютын үнэ тогтворгүй, өнгөрсөн хэдэн сард хүн ч олноороо ирээгүй “Найман шарга”-ынхны “магнай тэнийж” байгаа бололтой худалдан авч байгаа валютаа инээд алдан тоолж, үл мэдэг урагдсаныг ч голж, буцааж байв.

            “Найман шарга” зах дээр ирж, гадаад валют сонирхож байгаа хүмүүсийг сонсвол олонх нь рубль, евро авах сонирхолтой байгаа аж. Хоорондоо ярихыг нь сонсоод үзвэл “Путин барууны орнуудаас зөвхөн рубль авна. Одоо удахгүй рублийн үнэ тэнгэрт хадна. Аль болох ихийг л аваад дарахгүй бол” гэх. Өөр хэд хэдэн гадаад валютын худалдан авч байгаа хүнийг ажвал мөн л евро, рубль авч, түүнийгээ дарах юм гэнэ.

-“НАЙМАН ШАРГА”-ЫН “ШАГ”-ЧИД РУБЛИЙГ 35 ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА-

“Найман шарга” захын гадна валютын “шаг”-чид байх. 10, 20 мянган төгрөгийн боодол боодол дэвсгэрт барьсан хэд хэдэн хүн ойрхон зөрсөн хүнээс “Рубль, евро байна уу. Авна шүү” гэж шалаад салахгүй. Олонх нь гар утас, бэлэн мөнгөө сарвайж, асуусан “шаг”-чидыг гараараа хаачихаад явах. Зарим нь ч үйлчлүүлэгчээ олж, утсаа “маажиж” байгаад хуруугаа нэг долоож, боодол дэвсгэртээсээ нэг нэгээр эргүүлэх аж. Рубль, евро хэдэн төгрөгөөр авч байгааг нь сонирхвол “Евро 3400-гээр л авч байгаа шүү дээ. Харин рублийг “Найман шарга”-аас арай үнэтэй, 35 төгрөгөөр авч байна” гэлээ.

https://ergelt.mn/news/55/single/19598


URL: