Тайлбарлагч, Ёкозүна Китанофүжи 80 нас хүрлээ

story-main_image-8043Мэргэжлийн сүмогийн 52 дахь ёкозүна, өдгөө NHK телевизийн сүмо тайлбарлагч Китанофүжи энэ сарын 28-нд 80 нас хүрлээ. Тэрээр 1942 онд Хоккайдо арлын Асахикава хотод төржээ.

Сүмогийн түүхэнд 73 ёкозүна байдгийн тав нь л 80 насны босго давсан. Сонирхолтой хөгжилтэй, заримдаа хатуу шүүмжлэлтэй түүний тайлбарт бөх сонирхогчид дуртай. 80 насны тэгш ойтойгоо золгосон Китанофүжитэй Киото агентлагийн сэтгүүлч онлайнаар харилцаж, сэтгэгдлийг нь сонсжээ.

Китанофүжи “Нэг мэдэхэд л 80 нас хүрчихлээ. Урт удаан наслах гол нууц минь дасгал хөдөлгөөн. Би өглөө болгон нэг цаг сунгалт, шпагат хийдэг. 1974 онд зодог тайлаад 32 наснаасаа өдөр болгон дасгал хийдэг болсон. Аав минь 101 насалсан. Миний зорилго 85 наслах. Хэрэв болж өгвөл ач, зээ минь юмны учрыг ойлгодог болтол нь ахиад таван жил өгөөч гэж гуймаар байна” гэж хэлсэн байна.

Ёкозүна цолтнуудаас хамгийн урт насалсан нь 83 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 15 дахь ёкозүна Үмэгатани юм. Дараа нь 82 насалсан анхны Ваканохана, Точиноүми, 80 нас хүрсэн Кагамисато орж байгаа. Спортын ертөнцөд хатуу ширүүн бэлтгэл хийж, аваргын үүрэг хариуцлага гэж явдаг ёкозүна цолтнууд богино настай гэж яригддаг.

Китанофүжи энэ талаар “Би хүчтэй сайн ёкозүна байгаагүй болохоор урт наслах байх. Түүхэнд хамгийн өндөр насалсан ёкозүна болон тэмдэглэгдэж магадгүй. Ёкозүна нарын дунд хамгийн тааваараа байгаа нь даа. Би аз жаргалтай хүн” гэж ярьжээ.

Китанофүжи Коконоэ дэвжээг удирдаж байхдаа Чиёонофүжи, Хокүтоүми гэсэн хоёр аварга төрүүлсэн төдийгүй Сүмо бөхийн холбооны тэргүүнээр ч ажиллаж байсан билээ.

https://news.zindaa.mn/4480


URL: