МАН-ын “Долоогч” Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал боллоо

776156d0d4c337f8495362f627a0c442Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирлаар цагтаа З.Энхболд руу оймс шидэж, АН-аас хоёр ч удаа хөөгдөж явсан Л.Наранбаатарыг түр хугацаанд томиллоо. “Төрийн албанд ажиллахгүй” гээд улстөрчдийг шүүмжилж явсан Л.Наранбаатар өдгөө Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн дарга болчих гээд царай нь хүрэнтэж, нүд нь улайгаад “чичрээд дайраад” байна гэнэ. Цахим хуудастаа цаг алдахгүй “Сахлын талынхан” гэж жиргэж байдаг Л.Наранбаатар цахим хуудастаа “Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улстөр бол багийн тоглолт. Хичээнэ ээ” гэжээ.

-Л.НАРАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ-

           Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирлаар томилогдсон Л.Наранбаатар Шарын голын уурхай дагасан жижиг тосгонд төржээ. Тухайн үед 2000-аад оны үед шинэхэн нээгдээд байсан  ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн байна. Улмаар Л.Наранбаатар ажлын гараагаа төрж, өссөн Шарын голын уурхайгаас эхэлж, экскаваторчны туслах, мастер болтлоо дэвшжээ. Шарын голын уурхайгаас гарч, 2003 онд “Айвенхоуй майнз”-ын “Оюутолгой” төсөлд өрөмдлөгийн туслах ажилчнаар ажиллаж байсан аж. Түүнээс хойш 2007 онд СЭЗИС-ийг “Санхүүгийн менежмент” мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж, 2008 оноос “Гложекс” ХХК, 2017 оноос “Гложекс Консалтинг” ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байгаа юм.

-Л.НАРАНБААТАР “ГЛОЖЕКС”, “ГЛОЖЕКС КОНСАЛТИНГ” ЗЭРЭГ ЕСӨН КОМПАНИ, ТББ ХУВЬДАА ЭЗЭМШДЭГ-

Л.Наранбаатар “Гложекс”, “Гложекс Консалтинг” зэрэг есөн компанид хувьцаа эзэмшдэг юм байна. Үүнд:

  • “Мянга Далан Хоёр Хувьцаа Эзэмшигчдийн Эрх Ашгийг Хамгаалах Холбоо” НҮТББ
  • “Дархан-Уул Аймгийн Эдийн Засгийн Чуулган” НҮТББ
  • “Нийгмийн Сүлжээ” НҮТББ
  • “Уул Уурхайн Хүний Нөөцийн Хөгжил” НҮТББ
  • “Лүндэг сан”
  • “Монголын Эрдэс Баялгийн Эдийн Засаг, Менежментийн Нийгэмлэг” ГҮТББ
  • “Минфо” ХХК
  • “Гложекс” ХХК
  • “Гложекс Консалтинг” ХХК нар багтаж байгаа юм.

           Түүний уул уурхай компаниуд Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монголын төслүүдийг гаргаж, Л.Наранбаатар өөрөө 200 гару ТЭЗҮ боловсруулж байсан гэнэ.

-“Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИХГҮЙ” БУЮУ АН-ААС ХОЁР УДАА ХӨӨГДСӨН ТҮҮХ-

2015 онд З.Энхболдыг Монголын эдийн засгийн чуулганыг хааж үг хэлэх үеэр Л.Наранбаатар эсэргүүцлээ илэрхийлж, оймс шидсэн. Хариуд нь “гомдсон” З.Энхболд нэг жилийн дотор гурван ч удаа Зөрчлийн тухай хуулиар шалгуулахаар цагдаад мэдэгдээд байв.

           Тэгвэл дээрх үйл явдлаас хоёр жилийн дараа Л.Наранбаатар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь “Наад хүн чинь хувийн өмчийг хурааж аваад нийгэмчлэх эрсдэлтэй хүн. Тийм учраас битгий дэмж” гэж Төрийн ордонд болсон нэг хурлын үеэр хэлсэн юм. Хоёр дахиа АН-аас хөөгдсөн талаараа Л.Наранбаатар “Х.Баттулгыг эсэргүүцсэнээс тухайн өдөртөө бүх телевизүүдээр “Л.Наранбаатарыг намаас хөөсөн” гэсэн бичиг гаргаж ирээд мэдээлсэн. Ингээд харахаар би АН-аас хоёр дахиа хөөгдсөн хүн” гэж өөрөө ярьжээ.

Сүүлд Л.Наранбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч, түүнийг СЕХ-ноос Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байдаг. Учир нь:

  1. “Зөв хүн электорат” эвслийн 2020 оны тавдугаар сары 16-ны өдрийн 7 дугаар тогтоолоор УИХ сонгуулийн 19 дүгээр тойрогт,
  2. “Сахигтун! Үндсэн хуулийн 19″ эвслийн 2020 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор УИХ сонгуулийн 22 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн.

           Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “нэр дэвшигч нь нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглоно.”, 33.1.6-д “нэгээс илүү тойрогт нэр дэвшсэн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана” гэж тус тус хуульчилсан болно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

https://ergelt.mn/news/1/single/19505


URL: