Генерал Б.Хурцын дүү Д.Энэрэл, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан нарын хувь эзэмшдэг “Нью таун даун” ХХК-ийн тухай НОЦТОЙ БАРИМТ

4c7747cbfea29ab1940acb3104c38958-Тэд “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, шагналд нь “Нью даун таун” ХХК-иар дамжуулан 10 га газар авсан уу-
        УИХ-ын гишүүдээс шударга ёс шаардаж, улалзтал нь загнаж, улмаар “Шударга прокурор” гэгдэх болсон Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан үнэн хэрэгтээ авлига, албан тушаалын гэмт хэргийг “цэцэглүүлэгч” байсан байж болзошгүй ноцтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс цувралаар дэлгэж байгаа билээ. Зам тээврийн сайд асан А.Гансүх  үйлдсэн гэмт хэргээ   хаалгаж, хэрэг наймаалцахын  тулд  төрсөн дүү А.Ганболдынхоо хамааралд байсан “Нью таун даун” ХХК-ийн хувьцаа бүхий үнэт газрыг  Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгаланд шилжүүлэн өгсөн байдаг.  Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://ergelt.mn/news/70/single/19469 линкээр орж үзээрэй.
Тэгвэл энэ удаад “Нью таун даун” ХХК-ийн хувьцааг хэн хэн эзэмшиж байгаа талаарх сонирхолтой баримтыг  уншигч та бүхэнд хүргэе.    

 “СУРУГА МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ ЦҮНЭЯКИ ХАРАД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ “ТОХСОН” ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН “НЬЮ ДАУН ТАУН” ХХК-ИЙГ БАЙГУУЛАХ ЗАМААР 10 ГА ГАЗРААР ШАГНУУЛСАН УУ

        2017 оны аравдугаар сарын 17-нд “Суруга Монгол” ХХК-иас “Нью даун таун” гэх компани 10 га газар авсан байдаг. Анхаарал татсан зүйл нь, “Нью даун таун” ХХК өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй буюу үүсгэн байгуулагдсанаасаа ердөө 15-хан хоногийн дараа “Суруга Монгол” ХХК-иас 10 га газар авсан болж таарав. Байгуулагдаад ердөө 15 хоногийн дараа хотын “А” зэрэглэлийн бүсэд байршилтай 10 га газрыг эзэмшиж эхэлсэн гэхээр энэ компанийн цаана чухам хэн байна вэ гэдэг хардлага эрхгүй төрнө. Эндээс хардлагаас хөвөрдөж цааш хөөвөл маш ноцтой гэмт хэргийн сэжүүр илэрч байна.

Тодруулбал, “Нью даун таун” ХХК анх долоон хувьцаа эзэмшигчтэй, бүгд яг ижил 16 хувийн хувьцаатайгаар байгуулагджээ. Тухайлбал, Маньбадрахын Ганболд, Цогоогийн Уугангэрэл, Бибишийн Билэгсайхан, Цэрэнбатын Чинбаяр, Наранхүүгийн Эрдэнэ, Батсүхлангийн Одончимэг, Даваадоржийн Энэрэл нар анхны хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн байна. Хамгийн ноцтой нь тэд цөм өндөр албан тушаалтнууд буюу “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний төрсөн хүү, төрсөн эгч, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн хамтран байгуулсан компани болох нь илэрч байгаа юм.

“Нью даун таун” ХХК-ийг үүсгэн байгуулагчид
1.Маньбадрахын Ганболд- Хууль зүйн ухааны доктор, Хошууч генерал цолтой. 1997 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн анхны дарга, 2001 онд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, 2006 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, 2008 онд буюу Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус томилогдож ажилласан.
2.Цогоогийн Уугангэрэл- Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай тасгийн дарга, Тагнуулын ерөнхий газрын Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Хууль зүйн дэд сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан. Мөн дээр дурдсан хошууч генерал М.Ганболдтой хамт “Хос харцага” ХХК-ийн эзэмшдэг.
3.Наранхүүгийн Эрдэнэ- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн дүү. Н.Эрдэнэ нь аавынхаа “Дүнжингарав трейд” ХХК, “Дүнжингарав констракшн” ХХК, “Мон-Уран” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
4.Батсүхлангийн Одончимэг- УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиар Дундговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан М.Наранхүүгийн төрсөн эгч.
5.Даваадорж Энэрэл- Түүний ээжийг Батын Болор гэдэг. Б.Болор нь Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын төрсөн эгч.
6.Бибиш Билэгсайхан- “Суруга стандарт” ХХК, “Суруга трейдинг” ХХК, “Суруга партнерс” ХХК, “Суруга моторс” ХХК, “Суруга урбан центр” ХХК-иудыг “Проконсалтинг” ХХК-иар дамжуулан эзэмшихээс гадна гүйцэтгэх захирлаар нь ажилладаг.
7.Цэрэнбат Чинбаяр- “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд “Суруга рөүд” ХХК, “Суруга инвестмент” ХХК, “Суруга жапан” ХХК-иудыг эзэмшдэг.
        Тэгвэл хэн, ямар зорилгоор, бас яагаад УИХ-ын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн яамны дэд сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээр хувьцаа эзэмшигчдээ бүрдүүлсэн “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэгээд болоогүй “Суруга Монгол” ХХК-иас 10 га таслаж өгөх болов гэдэг ноцтой асуулт гарч ирнэ.
Энэ асуултад хариулт хайж эргэн санавал, 2012 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Суруга Монгол” ХХК-ийн Япон захирал 67 настай Цүнэяки Хара Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Улмаар Цүнэяки Харад эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвөн сар шахам хорьсон бөгөөд 2012 оны зургадугаар сард шүүх хурал нь болсон. Хачирхалтай нь, шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй гэж үзээд, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Цагдаагийн байгууллагаас “Хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан” хэмээн зарласан атал шүүхээс “Хар тамхи хэрэглээгүй” гэж дүгнэсэн нь зохион байгуулалттай гэмт хэргийн сэжүүр болсон. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хэн нэгэн, хэсэг бүлэг этгээдүүд зохион байгуулалттайгаар хуурамч хар тамхины хэрэг тохсон юм биш биз гэх хардлага гарч ирсэн. Тухайн үедээ “Суруга Монгол” ХХК-д ажиллаж байсан, Цүнэяки Харагийн орчуулагчтай ойрын холбоотой Г.Г, Ц.Б нар бусдын захиалгаар Цүнэяки Харагийн зочид буудлын өрөөнд хар тамхи нууж, дараа нь цагдаагийнхан очиж баривчилсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гарч байлаа. Гэхдээ хэн тэдэнд Цүнэяки Хараг хар тамхины хэрэг холбогдуулах захиалга өгсөн, хэргийн гол зохион байгуулагч нь хэн байв гэдэг асуултын хариулт олдолгүй байсаар хэрэг намжсан. “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хараг ч энэ хэргээс болж, эндэх бүх зүйлээ хаяад нутаг буцсан байдаг.

Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийг хардах нэг өнцөг байна. Тодруулбал, дээр дурдсанчлан 2012 оны хоёрдугаар сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хара ХУД-т байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчилсан. Бүтэн дөрвөн сар мөрдөн байцааж, хорьсны эцэст 2012 оны зургадугаар сард шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй буюу буруугүй гэж цагаатгасан. Харин энэ хэргийг “Суруга Монгол” ХХК-ийг газар шунасан бүлэглэл  хууль хяналтын байгууллагынхны оролцоотойгоор, маш нарийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулалттайгаар үйлдсэн байж болох хардлага гарч байсан. Тэгвэл “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар дарга, Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан дээрх хүмүүс “Суруга Монгол” ХХК-ийн Япон захиралд хар тамхины хэрэг “тохоход” оролцсон хүмүүс байж болзошгүй хардлага байна. Өөрөөр хэлбэл, Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохсоныхоо хариуд нь 10 га газраар “шагнуулсан” байж болох хардлага байгаа юм.

          Харин А.Гансүх “Нью даун таун” ХХК-тай ямар холбоотой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг эзэмшилдээ авснаасаа хойш  2017 оны аравдугаар сарын 12-нд “Суруга Монгол” ХХК-иас 23 га газар авч байсан. Түүнд ийнхүү 23 га газраа найр тавьж өгсөн хүн нь хар тамхины хэрэгт холбогдсоноосоо хойш Монголыг орхисон Цүнэяки Харагаас хойш “Суруга Монгол” ХХК-ийг удирдах болсон, одоогийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр. Харин Ц.Чинбаяр нь “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Ингээд харвал, А.Гансүх, түүний төрсөн дүү А.Ганболд нь “Нью даун таун” ХХК-тай, ялангуяа “Суруга Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяртай салшгүй холбоотой нь нотлогдож байгаа юм. Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд асан А.Гансүх өөрийнх нь эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгаланг “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгож, анхны долоон хувьцаа эзэмшигчээс нэгийг нь хассан байна. Ингэхээр энэ компанийн цаад эзэн нь А.Гансүх буюу хувьцаа эзэмшигчдээс хэнийг хасаг, хэнийг оронд нь оруулахыг тэр шийддэг дүр зураг харагдаж байна. Ийнхүү Улсын Ерөнхий прокурор М.Бат-Амгалан хотын “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн долоон хувьцаа эзэмшигчийн нэг болсноор 1.4 га газартай болсон гэсэн үг юм.

А.ГАНСҮХИЙГ ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД БАЙХ ҮЕД “СУРУГА МОНГОЛ” ХХК 37 ГА ГАЗРАА “МОНГОЛ КОРПОРЭЙШН” ХХК-Д АЛДАЖ БАЙЖЭЭ

Зам, тээврийн сайд асан А.Гансүхийг “Суруга Монгол” ХХК-тай хэзээнээс, хэрхэн яаж холбогдсон тухай түүхийг сөхвөл аль 2012 оноос эхэлдэг ажээ.
          Тодруулбал, Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 50 жилийн туршлагатай Японы “Суруга корпораци” 2003 оны нэгдүгээр сард Монголд “Суруга Монгол” гэх охин компаниа байгуулжээ. Ингээд “Суруга Монгол” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх эзгүй байсан 88 га газрыг эзэмшиж эхлэв. Тэд энэ газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 орчим айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, 400 орчим айлын амины орон сууц барихаар ажлаа эхлэв. Хоёр жилийн дараа, 2005 онд эхний гурван орон сууц буюу “Жапан таун” хотхон ашиглалтад орлоо. Улмаар УИХ-ын гишүүд, урлаг соёлын алдартнууд, уул уурхайн эзэд гээд эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн энэ хотхон руу цувж эхлэв. Тухайн үед “Жапан таун” хотхоны 140 м2 орон сууц л гэхэд 120 мянган ам.доллараар зарагдаж байсан нь зөвхөн баячуудын л төлж чадах үнэ байсан учраас тэр.
        Эхний гурван орон сууц нь цөм борлуулагдаж, тансаг зэрэглэлийн хотхон гэдгээрээ танигдаад байтал 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт үндэслэлгүйгээр цуцлагдав. Хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй байтал ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаныг “Суруга Монгол” ХХК-ийнхан хайгаад олоогүй байгаа юм. Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байлаа. Өөрөөр бол, “Суруга Монгол” ХХК-ийг Улаанбаатарт барилга барих, барихгүйг шийдэх эрх мэдэл нь А.Гансүхэд байжээ гэсэн үг.
Арга мухардсан “Суруга Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газар өгч байж барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэжээ. Хамгийн ноцтой нь, тухайн үед “Монгол корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Буянцогтоо ажиллаж байсан байгаа юм. Ц.Буянцогтоо бол хожим нь УИХ-ын дарга асан З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан буюу ардчилсан хувьсгалаас хойш түүнээс “салаагүй” хүн. А.Гансүх ч мөн адил З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга болсон цагаас нь дэргэд нь байж, Төрийн өмчийн хорооны хууль эрхзүйн хэлтсийн даргаар ажиллаж явсан түүний хүн байв. Өөрөөр бол, А.Гансүх “Суруга Монгол” ХХК-ийг барилгын тусгай зөвшөөрлөөр нь “шантааж” хийх замаар З.Энхболдын хамаарал бүхий “Монгол корпорэйшн” ХХК-д 37 га газрыг нь тасдан олгуулсан гэх дүр зураг харагдаж байгаа юм. Ингээд “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан “Суруга Монгол” ХХК-иас салгаж авсан 37 га газар газраа хоёр хувааж, талыг нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группт өгсөн бөгөөд одоо тэр газарт “Хүннү-2222” хороолол сүндэрлэсэн. Харин үлдсэн тал газартаа “Монгол корпорэйшн” ХХК-ийнхан өөрсдөө орон сууцны хотхон захиалан бариулж байгаа ажээ.

Хамгийн ноцтой нь, “Монгол корпорэйшн” ХХК удалгүй А.Гансүхийн мэдэлд иржээ. Тодруулбал, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд нь “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Тэгвэл энэ компани нь “Монгол корпорэйшн” ХХК-ийн хувьцааны 99.8 хувийг эзэмшиж эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй, А.Ганболд “Монгол корпорэйшн” ХХК-ийг хувьдаа авсныхаа дараа “Суруга Монгол” ХХК-иас 2017 оны аравдугаар сарын 2-нд дахин 23 га газар авсан байна. Ингэж Японы “Суруга Монгол” ХХК-ийн мэдэлд байсан 60 га газар А.Гансүхээр дамжин “Монгол корпорэйшн” ХХК-д иржээ.

          Нэгтгэж харвал, А.Гансүх Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, сайд байхдаа “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Улмаар “Суруга Монгол” ХХК-иас “Монгол корпорэйшн” ХХК-иар дамжуулан 37 га газар “авлига” хэлбэрээр авч, хариуд нь барилгын тусгай зөвшөөрлийг нь сэргээж өгсөн. Үүнийхээ дараа “Монгол корпорэйшн” ХХК-ийг төрсөн дүү А.Ганболдынхоо эзэмшилд авч, “Суруга Монгол” ХХК-иас дахин 23 га газар авсан. Нөгөөтээгүүр, “Суруга Монгол” ХХК-ийн Япон захирлыг Монголоос хөөж явуулах төлөвлөгөөнд оролцсон. Үүнд нь оролцсон хууль хяналтынханд “шагнал”-ыг нь өгөхийн тулд “Нью даун таун” ХХК-ийг байгуулж, тэднийгээ хувьцаа эзэмшигч болгосон. Улмаар Ц.Чинбаяртай “тохиролцсон” ёсоор “Нью даун таун” ХХК-д 10 га газар гаргуулж, хувьцаа эзэмшигч тус бүрд 1.4 га газар өгсөн. Гэвч тооцоолоогүй асуудал дэгдэж, өөрийнх нь шинэ төмөр замтай эрүүгийн хэрэг прокурорт шилжсэн. Тэгмэгц нь Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн хувьцаа буюу 1.4 га газар санал болгосон. Тэд тохиролцож, М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, А.Гансүхийн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон дүр зураг харагдаж байгаа юм.
https://ergelt.mn/news/22/single/19549


URL: