Гэр бүлийн хүчирхийлэл ӨРХИЙН бус ҮНДЭСТНИЙ асуудал болжээ

5_20220322094906

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл байх ёстой үзэгдэл мэт дасал болжээ. Төрсөн болон хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн, зодуулсан ар гэрийнхний үл хайхрах хүчирхийлэлд өртсөн бүх хүүхдэд туслах боломж үгүй байгааг цагдаа нар ч хэлж буй. Гэр бүлийн хүрээнд ямарваа нэгэн төрлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа, бие махбодоор хохирох эрсдэлд орсон хүүхдүүд хүчирхийллээс хамгаалах түр байранд очдог. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх түр хамгаалах байр жилд 120-150 хүнд үйлчилдэг байна. Тэдгээрийн 70 хувь нь хүүхэд аж. Мөн тэнд ирэх эмэгтэйчүүд голдуу 3-5 хүүхэдтэйгээ ирдэг байна. Түүнчлэн 8-15 насны хүүхдүүд ураг төрлийн хүрээнд үйлдэгдсэн гэр бүлийг хүчирхийллийн хохиоргч болж ирэх тохиолдол бий. Тиймээс энэ сэдвээр цуврал сурвалжилга бэлтгэлээ.


ТҮР ХАМГААЛАХ БАЙР БУС ЗӨВ БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА

Эцэг эх нь хоёул архи ууж согтуурсан үедээ хүүхдээ үл хайхардаг, зоддог гэх мэт шалтгаанаар өнгөрсөн жилд гэхэд 20 гаруй хүүхэд тус төвд иржээ. Тухайн хүүхдүүд түр хамгаалах байранд байх хугацаанд эцэг эхийнх нь эрхийг түдгэлзүүлэх баримт бичгийг бүрдүүлж шүүхэд хүргүүлдэг байна. Мөн эцэг эхчүүдийг албадан архины эмчилгээнд явуулж, сургалт орох арга хэмжээг авдаг гэнэ. Хамгийн чухал асуудал нь хүүхэд байнга түр хамгаалах байранд хоргодох боломжгүй явдал юм. Нэрнээсээ эхлээд түр хугацаанд л байрлах ёстой газар гэсэн утгыг илтгэнэ.

Тэдгээр хүүхдүүд түр хамгаалах байрнаас гараад гэртээ буцах уу, ах дүү хамаатан садныхандаа очих уу, асрамжийн газар явах уу гэсэн сонголттой тулдаг байна. Мэдээж үүнийг шийдэхэд эрсдэлийн үнэлгээг хийнэ. Тухайн хүүхэд гэртээ буцаж очих аюултай гэсэн дүгнэлт гарвал аль болох эмээ, өвөө, ах, эгч болон хамаатны хүн нь асран халамжлах бололцоотой эсэхийг судалдаг байна. Харин дээрх хүмүүсийн аль нь ч боломжгүй эсвэл байхгүй бол улсын асрамжинд хүүхдүүдийг шилжүүлэхээс өөр арга байхгүй.

Жишээ дурдахад 2021 онд нэгэн бага насны хүүхэд Хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж дуудлага өгчээ. Тэрээр тус утсанд таван удаа дуудлага өгсөн ч ажилтнууд нь харилцуураа аваагүйн улмаас нас барсан харамсалтай хэрэг болсон байна. Энэ жишээн дээр гарсан ноцтой алдаа нь хүүхэд өөрийгөө эрсдэлд орсноо мэдээд тусламж гуйсан байтал тухайн дуудлагын утсыг ажиллуулж байсан ажилчид сэтгэлгүй хандсан явдал юм.

Мөн энэ хэрэг үйлдэгдэж хүүхдийн амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж, эрсдэлийг тооцох хамгаалах арга хэмжээ аваагүй нийгмийн ажилтнуудын алдаа ч байгаа. Хэрэв баривчлах, торгох, түр саатуулах арга хэмжээг цаг алдалгүй авсан бол амь насаараа хохирох хэмжээний эрсдэл үүсэхгүй байсныг мэргэжилтнүүд санууллаа. Харамсалтай нь иймэрхүү тохиолдолд хорооны нийгмийн ажилтан, цагдаа гэрт нь очсон ч эцэг эхийг нь тухайн хүүхдийн тэжээгч гэсэн утгаар нь баривчилж чаддаггүй байна. Ердөө л тэр хүүхдийг хоосон хонуулах, дааруулах эрсдэлээс хамгаалах гэсний хариуд амь насыг нь өгчихсөн энэ мэт харамсалтай хэргүүд гардаг аж. Харин олон нийт үүнийг байх ёстой үзэгдэл мэт хүлээн авч цочирдохоо байсан нь бас л нэгэн төрлийн хүчирхийлэл болжээ. Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаад хэдэн жилийг ардаа үдсэн.

Тус хамтарсан багийн ахлагчаар хорооны Засаг дарга ажилладаг. Мөн багийн бүрэлдэхүүнд нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, өмгөөлөгч гэх мэт хүмүүс багтан ажиллана. Тэдний гол зорилго нь хүүхдийг бүх төрлийн хүчирхийллээс хамгаалж учирч болох хор хөнөөлөөс аврах, аль болох гэртээ аюулгүй амьдрах боломж нөхцөлийг нь хангах юм. Гэвч хамтарсан багт ирэх санхүүжилт дутмаг, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар хомс байдгийн улмаас олон хүүхэд хохирсоор байна. Мөн хорооны хэсгийн ахлагч, засаг дарга нар нам солигдох бүрд танил талын шугамаар ирж ажилладаг тул тогтсон, чадварлаг хүн тухайн албан тушаалд томилогдох нь ховор байдаг. Улмаар танил талаараа яриулж ирж ажилласан хүн эрсдэлд орсон бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө санаа тавина гэдэг бараг боломжгүй. Энэ мэт жижиг боловч ноцтой асуудлаас үүдэн тусламж хэрэгтэй хүүхдүүд эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насаараа хохирч байна.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХҮЧИРХИЙЛЭГЧ ТӨРДӨГ

Гэр бүлийн хүчирхийллийг дан ганц бэлгийн болон бие махбодийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгддэг гэж олон хүн эндүүрдэг. Гэвч гараараа цохиж биеийг нь хөх няц болгох бус хүүхдээ анхаарахгүй байх, хайраар дутаах, итгэлийг нь мохоох, доромжлох, дарамтлах, айлгах, цочоох гэх мэт олон хэлбэрээр хүүхдийн хүчирхийлэл үйлдэгддэг байна. Үүнийг томчууд тэр бүр мэдэхгүйгээс үүдэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүдийг үүсгэдэг.

Төрсөн эцэг нь хоёр настай хүүгээ заазуураар гэмтээж улмаар хөнөөсөн гэх мэт сэтгэл түгшээм хэргүүд удаа дараалан гарч тухайн хэргийн үйл явцыг нэг бүрчлэн танилцуулан мэдээлсээр ирсэн нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлжээ. Олон удаагийн давтамжтайгаар ийм төрлийн мэдээлэл авсан хүн өөрийн алдаа дутагдлыг жижиг гэж бодон тэр хэмжээний аймшигтай биш л бол ноцтой хэрэг бус хэмээн хойш тавих хандлага үүснэ.

Угтаа бол өвлийн хүйтэнд нимгэн хувцас өмсгөж дааруулах, гэрийн даалгаврыг нь хийлгэх зав өгөлгүй бага дүү нарыг нь харуулах, биед нь ахадсан гэр ахуйн ажлаар дарах ч хүчирхийллийн нэг хэлбэр аж. Мөн үр хүүхдээ өлсгөдөггүй гэр бүлд ч хүүхэд хүчирхийлэлд өртсөн байх магадлал бий. Гэр бүлийн хоорондын тааламжгүй харилцаанаас үүдэн эцэг эх нь маргалдахдаа хүүхдийн сэтгэл зүйг гэмтээх нь хүчирхийлэл болдог байна.

Түүнчлэн жишээ авахад архины хамааралгүй боловч эхнэр хүүхдээ байнга зодож дарамталдаг эрчүүд бий. Эхнэр нь анх танилцахдаа архи уудаггүй болохоор нь итгэж ханилсан боловч цаг хугацааны эрхээр хүчирхийлэгч зан авиртай байсныг мэдмэгцээ хүүхдээ дагуулан хамгаалах байранд ирдэг байна. Ингээд эхнэр хүүхдийг нь түр хамгаалах байранд авч хажуугаар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх аавыг сэтгэл зүйчтэй уулзуулж, албадан сургалт болон сэтгэл зүйн зөвлөгөө аль алинд нь хамруулдаг аж. Үүний явцад тухайн эрэгтэй бага насандаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон, тэр нь удаан хугацааны явцад сэтгэцэд нь нөлөөлж олон жилийн дараа өөрөө хүчирхийлэгч авиртай болсон байх явдал түгээмэл гэдгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны зохицуулагч З.Ундрах хэлсэн юм.

Үүн дээр жишээ авахад 2019 оны гуравдугаар сард дөрөв болон зургаан настай дагавар хүүхдээ төрсөн ээжийнх нь эзгүйд хоол унд өгөлгүй хэрцгийгээр зодсон байсан хэрэг гарсан. Тухайн хэргийг үйлдэгч н.Тодзаяа гэх 27 настай залуу хүүхэд насандаа аавдаа зодуулж, орцонд хөөгдөж хүйтэн шалан дээр хөл нүцгэн удаан зогсдог байсан талаараа мэдүүлсэн. Тэрбээр дагавар хүүхдүүдээ зодохдоо бага насанд нь өөрийнх нь аав яаж тамладаг байсныг дуурайсан гэдэг. Энэ мэт удаан хугацаанд хуралдсан хар бараан дурсамж ирээдүйд хэн нэгнийг харгис авиртай хүчирхийлэгч болгодог байна. Тус төвийн хувьд тэнд ирсэн хүүхдүүдтэй нэн түрүүнд тулж ажиллана. Мөн архины хамааралтай болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай эцэг, эхтэй нь тулж ажилладаг байна. Хүүхдийн эцэг эх архины хамааралд орсон тохиолдолд 14 хоногийн хугацаанд ажиглаж өнгөрөөх нь хангалтгүй гэнэ. Учир нь хүүхэд нь хамгаалах байранд очсоныг мэдсэн эцэг эх 7-14 хоногийн хугацаанд огт архи амсалгүй, архинаас гарсан мэт дүр үзүүлэг байна.

Энэ хугацаанд нь хамтарсан багийнхан ар гэртэй нь танилцахдаа аав ээжийг нь архи уухаа больсон байна хэмээн итгэж хүүхдийг гэрт нь буцаах тохиолдол байдаг аж. Харин хүүхэд нь гэртээ буцаж ирсний дараа эцэг эхчүүд эргээд л архи уудаг нь харамсалтай. Тиймээс энэ асуудалд маш нухацтай, нарийн мэдрэмжтэй хандахгүй бол хамгаалах гээд улам дордуулах эрсдэлтэй болжээ. Гэмт хэргийн гаралтыг бууруулахын оронд шорон нэмж барих бус гэмт хэрэг гарах урьдач нөхцлийг таслан зогсоох, сэргийлэх нь илүү үр дүнтэйг олон улсын жишээ баталдаг. Үүнтэй адил түр хамгаалах байр нэмж барьж багтаамжийг нь ихэсгэхээс илүүтэй хүүхэд бүр гэртээ эрүүл, эсэн мэнд, инээд хөөрөөр дүүрэн байх боломжийг төр, иргэн гэлтгүй анхаарах цаг болжээ.

Үргэлжлэл бий…

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: