Б.Лхагвасүрэн: Валютын нөөц оны эхнээс 1 тэрбум ам.доллароор буурсан

Capture(331)Монголбанкнаас өнөөдөр /2022.03.22/  эдийн засгийн нөхцөл байдал, ханшийн асуудлаар мэдээлэл хийлээ. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн өгсөн  мэдээллээс хүргэе.  

Тэрбээр “Аливаа улсын гадаад валютын нөөц, ханштай холбоотой суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл байдаг. Төлбөрийн тэнцэл гэдэг нь барааны тэнцэл, санхүүгийн тэнцэл гээд тэнцлүүдээс бүрддэг. Барааны тэнцэл гэдэг нь Монгол Улсаас хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг гадагш нь гаргаж байна, импортоор зөрөөд хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байна гэдгээр тодорхойлогддог. Мөн санхүүгийн болон урсгал тэнцэл хэдий хэмжээний мөнгөн урсгал гадагшаа гарч байна. Хэдий хэмжээний мөнгөн урсгал Монгол руу орж ирж байна. Энэ бүгдийн нийлбэрээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай байвал валютын нөөц нэмэгддэг, алдагдалтай байвал Монгол Улсаас гарч байгаа гадаад валютын урсгал тэр хэмжээгээр байна гэсэн үг.

Ийм алдагдалтай үед валютын нөөц, ханш дээр тодорхой хэмжээний дарамт гарч ирнэ. Суурь шалтгаан ийм байдаг учраас төлбөрийн тэнцэлтэй холбоотой зарим мэдээллийг өгье.

2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. 2021 оны 1 дүгээр сард Монгол Улсын гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан. Төлбөрийн тэнцлийн 220 сая ам.долларын алдагдал нөлөөлөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар болсон.

Он гарснаас хойш хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.

Өнөөдөр 3 дугаар сарын 22. Оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспортоосоо илүү импорттой байна. Монгол Улсаас гарч байгаа төлбөр тооцоо, орж байгаа төлбөр тооцооноосоо илүү байна гэдгийг харуулсан  үзүүлэлт. Нэгдүгээр сарын байдлаар импорт 40 гаруй хувийн өсөлттэй эхэлсэн. Бидний зүгээс 2021 оны 12 дугаар сард Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байхдаа, ковидын ард гараад эдийн засаг сэргэхэд, импорт дээр сэргэлт ажиглагдана, 2022 оны төлбөрийн тэнцэл ерөнхийдөө алдагдалтай гарна. Хэдийгээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байгаа ч  эдийн засагт сэргэлт ажиглагдах юм бол эдийн засаг өсөлттэй гарна гэж танилцуулга хийж байсан.

Одоо байдал 12 дугаар сараас хойш нэлээн өөрчлөгдөөд байна. Ковидын дараах эдийн засгийн сэргэлт дээр нэмэгдээд олон улсад болж буй мөргөлдөөнтэй холбоотой хорио цээрийн арга хэмжээнээс эхлээд төвөгтэй сөрөг үзэгдлүүд их бий болж байна.

Гэхдээ Монгол Улсын хувьд орлого олох боломж нь тэртээ тэргүй байгаа. Бидэнд нүүрс, зэс нь байхгүй болоод зарж чадахгүй байгаа биш. Монгол Улсын нийт экспортын бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайн ихэнх бүтээгдэхүүний үнэ түүхэн өндөр хэмжээнд хүрсэн сайхан боломжууд байгаа.

Түүхий эдийн үнэ өндөр байгаа ч  бидний хувьд төвөгтэй зүйл нь 2021 оны тавдугаар сараас эхлээд манай түүхий эдийг худалдан авагч гол зах зээл маань Ковидын 0 нөхцөл гэсэн нэлээд хатуу арга хэмжээ авсан. Үүнээс болоод тавдугаар сараас манай экспорт маш бага болсон.

Түүхий эдийн үнэ сайн байгаа ч бид нүүрсээ гаргаж чадахгүй байна. 2021 онд өмнөх оноос хоёр дахин буурсан. Энэ нь бидний экспортын орлого олох боломжийг хаагаад байна.

Үүнээс шалтгаалаад төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч эхлээд, энэ нь валютын нөөц, ханш дээр өнөөдрийн дарамттай байдлыг үүсгээд байна.

Төв банкны зүгээс үүнийг тодорхой хугацааны дараа тогтворжих боломжтой гэж харж байна. Хил гааль, хорио цээр нээгдэх юм бол бидэнд хангалттай хэмжээний нүүрс, зэсээ экспортлох боломж бий. Энэ боломжууд эргээд нээгдэхээр валютын нөөцөө дэмжих, ханшийг тогтворжуулах боломжтой.

Өнгөрсөн онд Монгол Улс нийт экспортоор 8.5 тэрбум ам.долларын орлого олсон. 92 хувь нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт болон бусад түүхий эд байна.

2022 он гараад экспортын орлого хэвийн хэмжээнээсээ доогуур байгаа. Нэг, хоёрдугаар сарын байдлаар 2021 онтой харьцуулах юм бол 20 хувиар бууралттай байна.

Импорт бол их хэмжээгээр өсөж байгаа. Нэг, хоёрдугаар сарын байдлаар 20-30 хувийн өсөлттэй гарсан. Нийт ипортын томоохон хувь буюу 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлдэг.

2021 онд 7.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Үүний 2-3 тэрбум ам.доллар нь бидний хэрэглээ байгаа. Үүн дотор 500-600 сая ам.доллар нь суудлын автомашин, тэрдундаа “Ланд Круйзер-300”, “Лексус-600” зэрэг нэлээн тансаг зүйлүүд импортод нэлээн их хувийг эзэлж байна.

Энэ нь 2022 онд ч нэлээн өсөх хандлагатай байгаа. Эдгээр мэдээллээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголбанкны зүгээс УИХ, Засгийн газарт шийдвэр гаргах төрийн байгууллагуудад санал тавина. Ялангуяа зайлшгүй биш, хэмнэж болохуйц хэрэглээн дээрээ танах арга хэмжээ авбал яасан юм бэ. Тэрдундаа тансаг хэрэглээний импортыг багасгах тал дээр арга хэмжээ авъя гэдэг саналыг тавьж байгаа. Нөгөө талд бид экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх ёстой. Экспортыг дэмжсэн бодлого дээр ажлаа хийе. Валютын нөөц оны эхнээс тэрбум ам.доллароор буурсан” хэмээн хэллээ.


URL: