Б.Жавхлан: Төв банк валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тэрээр “Засгийн газрын хуралдаан болгон дээр ОХУ, Украйн хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөний талаар болон түүнээс орж ирж болзошгүй эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах талаар хэлэлцдэг. Энэ талаар бүх яамд оролцож мэдээлэл солилцдог. Эдийн засгийн хувьд хэд хэдэн сувгаар манайд нөлөөлж, хүндрэл учирч болзошгүй байгаа. ОХУ-тай бид гадаад худалдааны алдагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл ОХУ-аас манайд импорт л орж ирдэг. Харин экспортолдог зүйл маш бага. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувийг шатахуун эзэлдэг. Хамгийн гол стратегийн бүтээгдэхүүн болох шатахуунаа 100 хувь тус улсаас авдаг гэсэн үг. Эдийн засагт нөлөөлөх гол зүйл нь ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс гүрнүүдийн хэрэгжүүлж эхлээд буй хоригууд байгаа юм. Үүнээс үүдэн давхар болон дам нөлөөнүүд манайд их бага хэмжээгээр мэдрэгдэж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл шатахууны нийлүүлэлт болон төлбөр дээр саатал гараагүй. ОХУ-ын талаас Роснефьт компанийн нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт орохгүй. Монголбанкнаас сая өгсөн мэдээллээр зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн өдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180-аад сая ам.долларын шатахууны төлбөр ОХУ руу ямар ч саадгүй хийгдсэн. ОХУ-д байгаа жижгэвтэр банкаар манай нэр бүхий банкуудаас төлбөр тооцоо саадгүй явж байгаа. Цаашдаа үүнийг хадгалахыг тал талаас хичээж ажиллах болно.
Түүнчлэн ойрын хугацаанд Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. Импортын хувьд шатахууныг зогсоох боломжгүй тул үйл ажиллагаа үргэлжилнэ. Тиймээс төлдөг төлбөрөө бид төлсөөр байх нь. Харин экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гэвч урд хөрш хязгаартайгаар бүтээгдэхүүн авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байгаа. Эрдэнэс Тавантолгой компаниас өгсөн тоон мэдээллээр 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээлээр авч Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой АМНАТ-ыг төлөх шаардлагатай болж ирж байна. Гэхдээ экспорт төлөвлөсөн хэмжээнд явж эхлэх, уурхай дээрээс олборлолтоо хийх нь хамгийн чухал. Өнөөдрийн хурлаар ”Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлэхээр боллоо. Уртын тээвэр эхэлснээр боомтын асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш” гэлээ.
URL: