АНУ Төрийн Думын гишүүдэд хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна

712-1648001293623a868447d7fВАШИНГТОН. /WSJ/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан Оросын Төрийн Думын 300 гаруй депутатад хориг арга хэмжээ авахаа пүрэв гарагт мэдэгдэнэ гэж “Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, шинэ хориг арга хэмжээг Европын Холбоо болон “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчидтай зөвшилцсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны мэдэгдсэнээр, Украины дайны улмаас Орост авах Вашингтон болон түүний холбоотнуудын хориг арга хэмжээг Ж.Байден Европт удахгүй хийх айлчлалынхаа үеэр зарлах аж.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсуудыг хүлээн зөвшөөрөхийн төлөө санал өгсөн депутатуудад хориг арга хэмжээ авах төлөвлөгөөгөө Цагаан ордон гуравдугаар сарын 11-нд мэдэгдсэн юм.
Цагаан ордны тэргүүн гуравдугаар сарын 24-нд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт, Европын Зөвлөлийн хурал зэрэг хэд хэдэн уулзалтад оролцохоор мягмар гарагт Брюссельд хүрэлцэн очно. Хэлэлцээний гол сэдэв нь Украин руу хийсэн ОХУ-ын дайралт байх болно гэж Ж.Салливан мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL: