Украинчууд бууж өгөх үү

Украинчууд бууж өгөх үү

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ОХУ-тай хийж буй хэлэлцээрт буулт хийх эсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санаачилга гаргасан нь украинчуудыг талцуулаад байна. Хэлэлцээрт буулт хийнэ гэдэг нь Крым ОХУ-ын салшгүй бүрэлдэхүүн хэсэг, Донецк, Луганск бол тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрөөд зогсохгүй НАТО-д элсэх бодлогоосоо татгалзаж, цэрэг армийн бие бүрэлдэхүүнээ тодорхой хэмжээнд хязгаарлана (60 000-аас илүүгүй гэсэн тоо яригдсан) гэсэн үг. Барууны хэвлэлүүдэд Украин улс харийн түрэмгийллийг амжилттай няцааж, ОХУ харин энгийн номхон иргэдийг алж хядахаас өөр ажил хийхгүй байгаа гэдаг агуулгатай мэдээллээр бялхаж байхад В.Зеленьский бүх нийтийн санал асуулгын талаар дуугарсан нь хэвлэлээс л мэдээлэл авдаг ихэнх хүмүүст гэнэтийн зүйл боллоо. Улс нь ялаад байхад Ерөнхийлөгч нь бууж өгөх талаар ярина гэж байхгүй. Тэгэхээр байдал үнэхээр хүнд байгаа нь тодорхой байна.

Украин улсын хувьд, 2000 онд Ерөнхийлөгч Леонид Кучма парламентыг тараах эсэх асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулга явуулснаас өөрөөр аливаа асуудлыг шийдэхдээ бүх ард нийтээр шийдэж байсан түүх бараг л байхгүй аж.

Украинчууд юу гэж талцаж байна гэхээр, нэг хэсэг нь үндэсний ашиг сонирхлоосоо ухарч няцсан, эх орноосоо урвасан хэрэг болно хэмээн хатуу эсэргүүцэж буй бол нөгөө хэсэг нь улс төрийн ямар нэгэн уран нүүдэл, ашигтай байдал үүсгэх гэсэн арга байж магадгүй гэж үзэж буй.

Буулт хийнэ гэдэг нь бууж өгснөөс ялгаагүй тул эхний хэсгийн шалтгаан ойлгомжтой. Тэдний зарим нь буулт хийх нь эх орноо алдсантай адил, одоо л шийдвэртээ бат зогсох хэрэгтэй хэмээн уриалж буй.

Харин хоёр дахь буюу улс төрийн ашиг хонжоо, уран нүүдэл байж магадгүй гэж горьдогсдын тухайд, дайн сунжрах тусмаа ОХУ-д ашиггүй гэдэг “онол”-д суурилжээ. Украин улсад аливаа асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болбол зургаан сарын өмнөөс зарлаж байж хийдэг хуультай аж. Чухам тиймээс санал асуулга явуулна гэчихвэл зургаан сунжирна, энэ хооронд юу ч болоо билээ гэж бодож байгаа бололтой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр орой хийсэн мэдээлэлдээ “Украин улс тусгаар тогтносон улс, санал асуулга явуулах талаар өөрийн гэсэн дүрэм журамтай байж болно. Гэхдээ одоо явж байгаа хэлэлцээрийг сунжруулах нь утгагүй” гэсэн байр суурь илэрхийлснээс үзэхүл, энэ таамаг үнэн ч байж мэднэ. Учир нь, санал асуулгын дүн “Буулт хийхгүй” гэж гарах магадлал өндөр  байна. Буулт хийх хэрэгтэй гэсэн байр суурь бараг байхгүй. Байлаа гэхэд 10 хувиас хэтрэхгүй гэдэг нь тулган шаардлагад орсон асуудлаар урьд өмнө явуулсан судалгаагаар тодорхой болчихсон зүйл юм. Тодруулбал НАТО, Европын холбоонд элсэхийг дэмжих эсэх асуудалд иргэдийн 90 гаруй хувь нь зөвшөөрч байсан юм. ОХУ сүүлийн хэд хоногт ашиглаж буй дуунаас хурдан пуужин нөлөөлөөгүй л бол ийм бат итгэл үнэмшил орвонгоороо эргэнэ гэдэг хэцүү. Тулаан үргэлжилж, хүмүүс амь үрэгдсээр байгаа тул хугацаа өнгөрөх тусам өширхөл дасагнал улам нэмэгдэх нь тодорхой. Тиймээс Москвагийн /Д.Песковын хэлснээр/ сонирхлыг гүйцээнэ гэхээр бүх нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж, хугацааг наашлуулах шаардлагатай болж буй. Гэтэл санал асуулга явуулж буй асуудлаар иргэд мэдээллээр хангагдах ёстой учир зургаан сар биш юм аа гэхэд, тодорхой хэмжээгээр сунжирч таарах гээд байна.

В.Зеленьский ийнхүү энхийн хэлэлцээрийг амжилттай болгохын тулд идэвх зүтгэл гаргаж байгаагаа харуулсан ч хугацааны тал дээр Москватай зөрчилдсөн байдалтай байна. Та бүхэндээ санал асуулгын талаар зарим байр суурийг хүргэж байна.

Д.Песков /ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч/

“Санал асуулга нь хэлэлцээрийн үйл явцад сөргөөр нөлөөлнө гэдэгт бид итгэлтэй байна”

 Сергей Гайдай /Улстөр судлаач/

Бүх нийтийн санал асуулга бол дайны үед асуудал шийдэх арга  хэрэгсэл биш. Санал асуулгын өмнө нийгмийн яриа хэлэлцээ, сурталчилгаа явуулж, иргэдээ мэдээлэлжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, тайван цагт, иргэд гэртээ, тойрогтоо байж, санал тоолох үйл явц жигдэрсэн үед л боломжтой. Тэгээд ч гурван сая хүн нь хил даваад явчихсан улсад ямар санал асуулга явуулах вэ?

Андрей Еременко /”Актив групп” судалгааны компанийн тэргүүн/

“Бүх нийтийн санал асуулга явуулах хүртэл Украины нутаг дэвсгэрт гал зогсоох нь ойлгомжтой. Дүн яаж гарахыг хэн ч мэдэхгүй учир байлдаад байх ч шаардлагагүй. Гэхдээ санал асуулгын дүн Орост таалагдахгүй бол дахин дайн эхлүүлэх л байх. Гэсэн ч Украин амьсгаа аваад жаахан сэргэнэ. Үндсэн хуульд зааснаар, Украинд төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг хуультай. Ерөнхийлөгч дангаараа чухал шийдвэр гаргах боломжгүй. Хэрвээ оросууд зөвшөөрөөд энэ ажил явагдвал сайн байна. Энэ нь ажиллавал бүх талаараа гайхалтай байх болно. Харамсалтай нь, оросууд ч үүнийг ойлгож байгаа бөгөөд зөвшөөрөхгүй байх л даа”

Кирилл Сазонов /Сэтгүүлч/

“Зеленьский яагаад бууж өгөх гээд байгааг ойлгохгүй байна. Гарын үсэг зурахгүй, хэтийн төлөвийг сонсохгүй байгааг ойлгохгүй байна. Хэрвээ бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах юм бол В.Зеленьскийг хэн ч сонсохгүй. Москва ч, В.Зеленьский ч үүнийг ойлгохгүй байна”

Игорь Душин /Судлаач/

“В.Зеленьский нэгэнт ингэж хэлж байгаа бол Украин хэлэлцээр хийхэд бэлэн байгаагийн шинж. Учир нь бидний урд маш их зовлон байна. Тэрээр энэ мэдэгдлээрээ  Ерөнхийлөгч улс орныг ганцаараа захирдаггүй гэдгийг харуулав” 


URL: