Б.Лхагвасүрэн: Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй
Эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх хэмжээгээр бодлогын хүүг өсгөнө гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэр Мөнгөний бодлогын хорооноос гарах ч бодлогын хүүг өсгөх магадлал өндөр байгаа гэсэн дохио өглөө. Мөн төгрөгийн ханш суларч байгаа энэ үед экспортоо нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
Валютын гарах урсгалд тавих хяналтаа нэмэгдүүлж, арилжааны банкнуудад нийлүүлэх валютын хэмжээг бууруулж байгааг Монголбанк мөн онцолсон юм.
Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна. Гадаад валютын албан нөөц 2022 он гарсаар нэг тэрбум орчим ам.доллароор буураад байгаа юм.
Монголбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар энэ он гарсаар нийт 1.5 тэрбум орчим ам.долларыг арилжааны банкнуудад нийлүүлсэн байна. Харин 500 сая орчим ам.долларыг эргүүлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу Толгой”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй гол экспортлогч компаниудаас худалдан авчээ.
Г.Хулан | @KhulanGanzorig
Bloomberg Tv
URL: