Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой тохиож байна
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн.
ОХУ хамтарсан экспедицийн түүхт 40 ойн жилийг тохиолдуулан Ж.Гүррагчааг өнгөрсөн жил Гэгээн Александр Невскийн одонгоор шагнасан юм. Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хаан зарлигаар гаргасан бөгөөд онцгой гавьяа байгуулсан цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг юм.
URL: