Энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг зогсоосон ОХУ-ын алхмыг Япон улс эсэргүүцлээ

зураг
Японтой энхийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн жагсаал 2019 онд Москвад болж байжээ

Украины хямралтай холбоотойгоор олон улсын эдийн засгийн хоригт нэгдсэн Япон улстай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоох болсныг ОХУ-ын гадаад хэргийн яам Даваа гарагт мэдэгдсэн билээ.

Хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь газар нутгийн маргаантай холбоотой. Оросын тал Өмнөд Курилийн арлууд, Японы тал Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлыг тойрсон маргаан энхийн гэрээ байгуулахад саад болдог юм.

Украины газар нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбогдуулан Япон улс ОХУ-ын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ аваад байгаа.

Үүний хариуд Москвагийн эрх баригчид яриа хэлэлцээгээ зогсоох арга хэмжээ авсан байна.

Харин өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хийсэн мэдэгдэлдээ “Орос улс Украинд түрэмгийлснээр энэ бүх нөхцөл байдлыг бий болгосон. Үүнийгээ Япон-Оросын харилцаатай хольж хутгах гэсэн оролдлого нь туйлын шударга бус бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэж хэлжээ.

“Япон улс дэлхийн бусад улс орнуудтай хамтран ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээгээ шийдэмгий үргэлжлүүлэх болно” гэж Кишида нэмж хэлсэн байна.

Токио хотод суугаа ОХУ-ын элчин сайдад эсэргүүцлийн нот бичиг гардуулах болсныг Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хирозаку Мацуно дараа нь мэдэгджээ.

Өнгөрсөн онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Токио, Москвагийн талууд аль аль нь харилцаагаа сайжруулах хүсэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа нь хэвийн биш явдал юм” гэж хэлж байлаа.

Гэхдээ сүүлийн саруудад Оросын зүгээс Япон улсад дарамт шахалт үзүүлэх хэд хэдэн алхам хийгээд байгаа. Жишээ нь энэ сарын эхээр Оросын цэргийн нисдэг тэргээ маргаантай газар нутгийн ойролцоох агаарын хилд хэсэгхэн хугацаанд нэвтэрсэн бөгөөд Японы тал сөнөөгч онгоцнуудаа өөдөөс нь нисгэн буцааж гаргах арга хэмжээ авч байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg


URL: