Хуучин ОРОН СУУЦНЫ ҮНЭ нэмэгджээ
Цементийн үнэ 30 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор өмнө нь сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ.
Энэ удаа орон сууцын үнэ ханшийн талаарх мэдээллийг судлан, сурвалжилга хийн хүргэж байна. Цементийн үнийн өсөлт иргэд болон барилгын компаниудад гэнэтийн “цохилт” болсон гэхэд хилсдэхгүй. Цементийн үнэ ийнхүү өссөнөөр барилгын материал дунд үнийн өсөлтгүй материал байхгүй боллоо. Тэр дундаа бүхий л материалын үнэ багадаа 20 хувь өссөн юм. Ингэснээр барилгын материалаас үүдэлтэйгээр орон сууцын ам.дөрвөлжин талбайн үнэ дахин өсөх хүлээлт иргэдийн дунд үүсээд байна.
ОН ГАРСНААС ХОЙШ ХОЁР ДҮҮРЭГТ ШИНЭ ОРОН СУУЦЫН ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙЖЭЭ
Улсын хэмжээнд жилд дунджаар 2000 орчим барилга ашиглалтад ордог ажээ. Харин өнөөдрийн байдлаар зах зээлд баригдаж дууссан, дуусаагүй болон хүлээгдэж байгаа 80 мянга орчим барилга байгаа аж. Тэр дундаа иргэдийн хамгийн их сонирхдог барилга бол орон сууц юм. Дүүрэг дүүргээс хамаараад орон сууцын барилгын үнэ ханш харилцан адилгүй. Мөн шинэ орон сууцын үнэ эрс ялгаатай юм.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар Хан-Уул дүүрэг дэх орон сууцын нэг ам.дөрвөлжин талбайн хамгийн бага үнэ 2.7 сая төгрөгийн ханштай байна. Харин хамгийн өндөр ханштай нь 7.1 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Тус дүүрэг дэх орон сууцын үнэ нэгдүгээр сард 2.5 саяас эхэлж байв. Харин нэг ам.дөрвөлжин талбайн үнэ хамгийн ихдээ есөн сая төгрөгийн ханштай ажээ.
Баянзүрх дүүрэгт байрлах шинэ орон сууцын нэгж талбай 1.3-9.9 сая төгрөгийн ханштай юм. Гэвч нэгдүгээр сарын байдлаар орон сууцын нэг ам.дөрвөлжин талбай 1.63-9.35 сая төгрөгийн ханштай байжээ.
Баянгол дүүрэгт байрлах шинэ орон сууцын нэгж талбай 1.8-3.5 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл нэгдүгээр сард 1.6-3.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзжээ. Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцуудын нэг ам.дөрвөлжин талбайг 1.55-8 сая төгрөгөөр үнэлсэн аж. Харин нэгдүгээр сарын байдлаар 1.45-8 сая төгрөгийн ханштай байв. Сүхбаатар дүүрэг дэх шинэ орон сууцын нэгж талбайн үнэ 1.6 сая төгрөгөөс эхэлж байгаа юм. Хамгийн өндөр ханш нь 2.8 сая төгрөг байжээ. Энэ нь нэгдүгээр сар дахь шинэ орон сууцын үнэтэй адил аж.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцуудыг нэг ам.дөрвөлжин талбайг 1.6-2.8 сая төгрөгийн үнээр үнэлжээ. Харин нэгдүгээр сарын байдлаар дээрхтэй ижил үнэтэй байсан юм. Шинэ орон сууцын нэг ам.дөрвөлжин талбайн дундаж үнэ 3.1 сая төгрөгийн үнэтэй байна. Үүнээс Сүхбаатар болон Хан-Уул дүүргүүдэд нэгж талбайн үнэ хамгийн өндөр байгаа аж. Харин нэгж талбайн үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
ХОЁР ӨРӨӨ ТҮРЭЭСИЙН БАЙРНЫ ҮНЭ 700-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
Хуучин орон сууцын үнэ жилийн хугацаанд 26 хувиар өссөн байна. Хуучин орон сууцын нэг ам.дөрвөлжин талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болжээ. Хамгийн өндөр үнэ бүхий хуучин орон сууцууд Чингэлтэй дүүрэгт байрлах бөгөөд нэг ам.дөрвөлжин талбай нь 3.52 сая төгрөг аж. Харин Хан-Уул дүүрэгт 3.24 сая, Сүхбаатар дүүрэгт 3.16 сая, Баянзүрх дүүрэгт 3.03 сая төгрөгийн ханштай байгаа юм. Харин хамгийн бага ханштай нь Баянгол дүүрэгт 2.72 сая төгрөг бол Сонгинохайрхан дүүрэгт 2.31 сая төгрөгийн үнэтэй ажээ.
Иргэн Ж.Дашдондов “Шинэ байрны захиалга өгөх гэсэн боловч хугацаандаа ашиглалтад орох эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс хуучин байр сонирхож, зарын дагуу байр сонирхож байгаа. Хуучин байрны үнэ өссөн байна. Ихээхэн эрэлттэй байгаа бололтой” гэсэн юм. Товчхондоо шинэ орон сууцын нийлүүлэлт багассан нь хуучин орон сууцын үнэ өсөхөд нөлөөлөөд байна.
Зөвхөн хуучин орон сууцын үнээс гадна түрээсийн байр, нийтийн байрны үнэ нэмэгдсэн гэх хүмүүс байгаа боловч энэ нь баталгаагүй эх сурвалж болж байгаа юм. Учир нь түрээсийн байр болон нийтийн байрны үнэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй байна.
Түрээсийн байрны дундаж үнийг судлахад энэ оны нэгдүгээр сарынхтай ижил байв. Хажуу өрөө 270-350 мянга, нэг өрөө байрыг 600-900 мянга, хоёр өрөө байр 700-1.5 сая, гурван өрөө байр 1.2-2.2 сая төгрөгийн ханштай байна. Эдгээр нь өрөөний талбайгаас болон орон сууцын байршлаас хамааран харилцан адилгүй үнэтэй ажээ.
Иргэдийн зүгээс 1-2 өрөө байрыг түрээслэхээр ихэвчлэн сонирхдог боловч түрээсийн нэг өрөө байр олдохгүй байгаа талаар иргэн Б.Алтантөгс дурдсан юм. Тэрбээр “Хэчнээн зарын дагуу очсон ч хуурамч эсвэл хэдийн түрээслэгчтэй болчихсон байдаг. Эхнэртэйгээ хамт амьдардаг. 2-3 өрөө байр түрээслэхээс өөр сонголтгүй болсон. Нэг өрөө байр хамгийн эрэлттэй нь байдаг учраас олдох нь ховор. Мөн хотын төвд боломжийн үнэтэй байр олдохгүй” гэв. Тиймээс хоёр өрөө түрээсийн байрны үнийг судлахад Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр ханштай байсан юм. Тодруулбал, 1.1-1.3 сая төгрөгийн ханштай байв. Харин хамгийн бага ханштай түрээсийн байр нь Сонгинохайрхан дүүрэгт 650-750 мянган төгрөгийн ханштай байлаа. Мөн нийтийн байрны хувьд 150-350 мянган төгрөгийн ханштай байсан бөгөөд нийтийн байрны эрэлт одоо ч их байдаг ажээ.
БАРИЛГЫН ДӨРВӨН МАТЕРИАЛЫН ҮНЭ НЭМЭГДЭЖ, ХОЁР МАТЕРИАЛЫНХ ХЯМДАРЧЭЭ
Орон сууцын үнийн өсөлтөд барилгын материалын үнэ шууд нөлөөлдөг хэмээн барилгын компаниуд хэлж байв. Учир нь цар тахлаас улбаалж өмнөх онд барилгын материалын үнэ 90 хүртэлх хувиар өссөн учраас орон сууцын нэгж талбайн үнэ ч даган өсөхөөс өөр сонголтгүй байсан талаараа учирлаж байсан юм. Орон сууцын үнэтэй холбоотойгоор эдийн засагч Ж.Дэлгэрсайхан өөрийн байр суурийг хэвлэл мэдээлэлд удаа дараа илэрхийлж байсан. Энэ үеэрээ “Орон сууцын үнэ зах зээлээ даган өссөн. Харин иргэдийн амьжиргааны орлого өсөхгүй байна” хэмээн хэлж байсан удаатай.
Зах зээлд түүхий эдийн үнэ өссөн нь барилгын үнэ өсөх хүчин зүйл болж байсан ч хөөсрөлт явагдаж буй хэмээн хардах хүн олон байсан юм. Тиймээс барилгын материалын үнийг судлав.
Орон сууцын үнэ өссөн гол шалтгаан гэгдэх барилгын материалын үнэ ханшийг судлахад он гарснаас хойш цементээс бусад барилгын материалын үнэ тодорхой хэмжээнд өссөн байна.
Барилга барихад хэрэглэдэг гол 12 нэр төрлийн барилгын материалын үнэ өмнөх сартай харьцуулахад хэдэн төгрөгөөр өссөнийг тооцоолсон юм. Тодруулбал, хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үзэхэд он гарснаас хойш хэд хэдэн төрлийн барилгын материалын үнэ өсөөгүй байна. Үүнд, бетон, бетон бүтээгдэхүүн, арматур, катанка, дүүргэгч болон дүүргэлтийн материал, хөөсөн шахмал хавтан, дээврийн материал, хуурай хольцууд, металл хийц эдлэл, палк, банз, шалны материал зэрэг юм. Харин шатаасан шохой болон брусын үнэ хямдарсан бол цемент, хөөсөн полистирол хавтан, хуванцар PVC цонх, хуванцар PVC хаалгын үнэ нэмэгдсэн байна.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: