Дээд шүүхийн шийдвэрээр АН одоогоор хууль ёсны даргагүй !!!

cLggQIqYhPvZQVV2LSRkkkVA85GRzNE1xi7GR87UАрдчилсан нам хуваагдаад үнэхээр хоёр ардчилсан нам бий болчихсон уу. Аль нь хууль ёсны нам бэ. Хэн нь худал,  хэн нь үнэн яриад байна вэ. Үйл ажиллагаа нь тэгээд гацчихсан уу. Шүүхээс үнэхээр зөрүүтэй шийдвэрүүд гараад байгаа юу. Энэ бол сүүлийн хоёр жил орчим Ардчилсан нам дотор өрнөв. Тэгвэл Улсын Дээд шүүх Ардчилсан намын тамга тэмдэг, даргын энэ маргааныг ингэж шийдвэрлэжээ.

2020 оны 12 сар:  
2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдалд хүргэснийхээ төлөө намын даргын албан тушаалаасаа огцорсон С.Эрдэнэ, Би Ардчилсан намын дарга хэвээрээ хэмээн мэлзэж намын даргын бүртгэлээ сэргээлгэхээр шүүхэд хандав.
2021.02.26-ны өдөр: 
Гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан Улсын Дээд шүүх С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээхээс татгалзсан 9 дүгээр тогтоолыг гаргав. Энэ тогтоолоор Ц.Тувааныг мөн намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс мөн татгалзсан байдаг.
Ингээд С.Эрдэнэ 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шүүхийн тогтоолыг эсэргүүцэн дахиад шүүхэд хандав.
2021.04.27-ны өдөр:
 С.Эрдэнийн гомдлыг 20 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр Улсын Дээд шүүх хэлэлцэн мөн л түүнийг АН-ын даргын бүртгэлийг сэргээхээс татгалзан 12 дугаар тогтоолыг гаргалаа.
Ингээд 3 болон 20 шүүгчийн бүрэлдэхүүнтэй  хуралдсан Улсын Дээд шүүхийн хуралдааны аль нь ч С.Эрдэнийг намын даргаар бүртгэхээс дахиад л татгалзжээ. Улайрсан С.Эрдэнэ дахин намын дарга болохын тулд намын дүрмээ өөрчлөхөөр дахиад л шүүхэд хүсэлт гаргасан байдаг юм.
2021.10.13-ны өдөр:  
Улсын Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс мөн л татгалзан 30 дугаар тогтоолыг гаргалаа.
С.Эрдэнэ мэлзсэн хэвээр. Тамгаа өгөхгүй хэмээн тас гүрийсээр. “Би АН-ын дарга мөөөн” гэж зүтгэсээр байв.
Энэ үед ардчилсан намын мянга мянган жирийн гишүүд намд нь чухам юу болоод байгаа, шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн, талцсан намын удирдлагуудын хэн нь үнэн , хэн нь худал хэлээд буйг ялгахад бэрх болжээ.   Ингээд АН-ын гишүүн З.Энхболд нам нь хууль ёсны даргатай эсэхийг тодруулахаар Улсын Дээд шүүхээс лавлагаа хүсэхэд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын орчлогч дарга С.Амардэлгэр “С.Эрдэнийг танай намын даргаар бүртгэхээс татгалзсан” гэдэг тайлбарыг хүргүүлсэн байдаг.
Тэгэхээр Ардчилсан нам одоогоор  Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн хууль ёсны ямар ч даргагүй гэсэн үг. С.Эрдэнэ ч тэр, Ц.Туваан ч тэр, өнөөх О.Цогтгэрэл, М.Тулгатын аль нь ч намын дарга биш. Ардчилсан нам одоогоор даргагүй байгаа.
Улсын Дээд шүүх яагаад намын даргыг бүртгэхээс татгалзаад байна вэ?
Нэгдүгээрт:  2020 оны УИХ-ын сонгуульд С.Эрдэнийн толгойлсон Ардчилсан нам 65 суудлаар ялагдсан учраас намын Үндсэн дүрмийн дагуу С.Эрдэнэ намын даргын албан тушаалаасаа огцорсон. Тиймээс түүний намын даргын бүртгэлийг сэргээхээс шүүх татгалзаж байгаа.
Хоёрдугаарт:  С.Эрдэнийг намын даргаар батламжилсан Улсын Дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр тогтоолоор эрхзүйн чадамжгүй болсон.
Гуравдугаарт:  2020.07.24-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хурлаар С.Эрдэнийн намын даргын эрх үүргийг дуусгавар болгосон.
Ийм гурван том үндэслэл байгаа учраас УДШ АН-ын даргыг бүртгэхгүй байгаа ажээ.
Тэгвэл даргагүй нам яаж дараагийн даргаа сонгох вэ?
Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намын үндсэн дүрмээ л дагана. Дүрмийн дагуу намын даргын сунгаа хийсэн. М.Тулгатын нам, О.Цогтгэрэлийн нам гээд хувагдчихсан учраас хоёр талд сунгаа явуулж байна гээд Улсын Дээд шүүх намын даргыг бүртгэлгүй өнөөдрийг хүрчээ.
Нэгэнт Улсын Дээд шүүх хэнийг нь ч бүртгэхгүй байгаа учраас яах вэ?
Ингээд АН Үндэсний бодлогын хороогоо /ҮБХ/ хуралдуулав. Намын Үндэсний бодлогын хороог намын дарга , эсвэл үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн 1/3-ийн шаардлагаар өөрөө хуралдана гэсэн дүрэмтэй. Ингээд ҮБХ хуралдаж Ардчилсан намын Онц их хурлыг зохион байгуулж, хуралдаанаас гарсан 3 хүсэлтийг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ. Улсын Дээд шүүх  намын даргыг бүртгэхээс дахиад татгалзав.  Гэхдээ 3 зүйлийг маш тодорхой шийдэж өгчээ.
Үүнд:
1. Үндэсний бодлогын хороог нэг болгосон. АН ганцхан Үндэсний бодлогын хороотой гэдгийг тогтоож өгсөн.
2. Ардчилсан намаас итгэмжилсэн төлөөлөгч Б.Ган-Очирыг хууль ёсных байна гэж үзжээ.
3. ҮБХ-ны зарласан Ардчилсан намын онц их хурлыг хууль ёсных гэж үзсэн 38 дугаар тогтоолыг гаргасан юм.
Энэ нь “АН–ын 389 гишүүнтэй ҮБХ-оороо бүх асуудлаа шийд” гэжээ. Ингээд 2022.03.03-нд ҮБХ хуралдаж, АН-ын ээлжит бус их хурлыг 2022.04.07-ны өдөр хуралдуулах, энэ хуралдаанаар АН-ын даргыг ёсчлон батламжлах. Мөн АН-ын үндсэн дүрмийг өөрчлөн хэлэлцэж батлахаар тогтсон байна.
Ингээд АН-ын даргын сунгааг зохион байгуулж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ сунгааны ялагчийг 2022.04.07-ны өдөр  АН-ын Их хурлаар батламжлах юм.  Ийм л учиртай, үүнд толгой эргээд байх юм ерөөсөө ч алга.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан


URL:

Tags: