Хүний эрх зөрчиж, хасах хэмд гадаа гавласан асуудалдаа цагдаагийн байгууллагаас хүлцэл өчлөө

16478254576237d23154bacЗавхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс энэ сарын 19-ний өдрийн 13:51 цагт “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл, маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд Баян айраг багт оршин суух иргэн М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон зөрчил гаргасан байв.

Иймд тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулж, иргэнийг  саатуулсан. Ингэхдээ хүний эрхийг зөрчиж иргэнийг хасах хэмийн хүйтэнд гадаа гавласан асуудалд аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс хүлцэл өчиж байна.

Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллалаа.

Эх сурвалж: Завхан аймаг дахь цагдаагийн газар


URL: