Украины хямралын сөрөг нөлөөг урьдчилан таамаглажээ

712-16475673756233e16fa1589ВАШИНГТОН. /TASS/. Украины өнөөгийн хямралын уршиг эдийн засгийн өсөлтийг удаашруулж, инфляцыг өсгөж, худалдаа тасалдахад хүргэж дэлхийн эдийн засагт бүхэлд нь нөлөөлнө гэж Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева, Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпас, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо, Европын хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Вернер Хойер, Европын Зөвлөлийн хөгжлийн банкны дарга Карло Монтичелли нарын пүрэв гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

“Хямралын эдийн засагт үзүүлэх нөлөө эрчим хүч, хүнсний нийлүүлэлт буурахаас эхлээд үнийн өсөлт, ядуурал хүртэл асар их байх болно” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Энэ бүх хүчин зүйл, мөн Украиныг сэргээн босгох зайлшгүй байдал “цар тахлын дараа дэлхийн эдийн засаг сэргэхэд саад болно” гэж цохон тэмдэглэсэн байна.
“Дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралын нөлөөг удаан өсөлт, худалдааны тасалдал, өндөр инфляц зэргээс мэдрэх бөгөөд энэ нь ялангуяа ядуу, эмзэг бүлэгт илүү хүнд тусна. Хүнс, эрчим хүч зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байх нь инфляцыг улам өсгөхөд хүргэнэ. Ялангуяа Украинтай хиллэдэг орнуудын худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн гуйвуулга тасалдаж, дүрвэгсдийн урсгалд дарагдана. Хөрөнгө оруулагчдын хувьд итгэл буурч, тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа нь хөрөнгийн үнэ цэнд нөлөөлж, санхүүгийн байдал чангарахад хүргэж, түүгээр барахгүй хурдацтай хөгжиж буй зах зээлээс хөрөнгийн гадагшлах урсгалыг үүсгэж болзошгүй” гэж мэдэгдэлд дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: