МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН ХЭМЖЭЭНД 2022 ОНД НИЙТ 32392 ИРГЭНД 3967.8 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХЭЭР БАТАЛЛАА

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Монгол улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтын талаарх саналыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлснийг хянаж нэгтгэн, Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 оны 02 сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн Улсын хэмжээнд 2022 онд нийт 32392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр батлагдлаа.

 


URL: