Гадаад дахь иргэдийн мэдээллийг шинэчилж байна
Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн мэдээллийг шинэчилж байна. Гадаад улс оронд урт хугацаагаар ажиллаж, амьдрах болон оршин суухаар явж буй Монгол Улсын иргэд тухайн улс оронд суугаа Монгол Улсын ЭСЯ болон консулын газарт заавал бүртгүүлэх талаар ГХЯ-наас мэдээлж байна.
Гадаадад байгаа иргэдийн дийлэнх нь дээрх үүргээ биелүүлдэггүй байна. Үүнээс шалтгаалж гадаад улс оронд хүнд байдал орох болон эрх нь зөрчигдсөн иргэдэд хурдан шуурхай тусламж үзүүлэхэд хугацаа алдахад хүрдэг. Иймд ГХЯ хилийн чанадад байгаа иргэдийн мэдээллийг шинэчилж, нэгдсэн сан үүсгэхээр ажиллаж байна.
Украин улсад байгаа болон эх орон руу буцсан иргэдийн мэдээллийг бүртгэж дуусаад байна. Одоогоор Беларусь болон ОХУ-д амьдардаг 6 мянган иргэний мэдээллийг нэгдсэн санд оруулж буйг мэдээллээ. Тэдний дийлэнх нь оюутнууд байгаа аж. ГХЯ-наас ОХУ болон Беларусь улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дээрх улсад байгаа иргэд, оюутнуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийж байна. Ирэх сараас Монгол иргэд хамгийн олноор ажиллаж, амьдарч буй БНХАУ, БНСУ-д байгаа иргэдээ бүртгэлжүүлэх талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
URL: