Сергей Лавров: Украиныг төвийг сахисан статустай болгох шаардлагыг нухацтай хэлэлцэж байна


Сергей Лавров: Украиныг төвийг сахисан статустай болгох шаардлагыг нухацтай хэлэлцэж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Украиныг ирээдүйд төвийг сахисан статустай болгох ОХУ-ын шаардлагыг нухацтай хэлэлцэж байгаа” талаар мэдээллээ.

Тэрбээр “Украины яриа хэлэлцээ амаргүй үргэлжилж байгаа ч талууд буулт хийж, шийдэлд хүрэх найдлага байна” гэж онцолж байна.

Үүнээс гадна Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Украин төвийн сахисан орон болсон ч цэрэг, армиа хэвээр хадгалах саналыг тодорхой буулт хийж байгаа явдал гэж харж болно” гэж мэдээлж байсан юм. Мөн тэрбээр Украиныг Швед болон Австрийн жишгээр төвийг сахисан улс болгох асуудлыг дараа яриа хэлэлцээгээр хөндөнө гэдгийг онцолжээ.

ОХУ-ын хувьд лхагва гарагт 117 сая ам.долларын бондын хүүгээ төлөх товтой байсан юм. Одоогоор бонд эзэмшигчид өгөөжөө хүлээн авсан гэсэн ямар ч мэдээлэл байхгүй байна. Тухайлбал: Европ болон АНУ дахь бонд эзэмшигч нар ам.доллар эсвэл рублиэр төлбөр хүлээн аваагүй гэж мэдээллээ. Пүрэв гарагаас ОХУ бондын купоноо төлөх 30 хоногийн хүлээлгийн хугацаа эхлэхээр байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Барууны орнууд манай нийгмийг хагалан бутаргахыг оролдож байна. Цэрэг армийн хүлээх хохирол, хоригуудын нийгэм эдийн засагт үзүүлэх үр дагаврын талаар спекуляц хийцгээж байна. Үүгээрээ ОХУ-д иргэний зөрчил мөргөлдөөнийг өдөөх гэж байна. Улс үндэстнийг дотроос нь хагалан бутаргагч бүлгүүдээр дамжуулан зорилгодоо хүрэх гэж хичээж байна. Тэдэнд ганц л зорилго байгаа. Тэр нь миний өмнө хэлж байсанчлан ОХУ-ыг унагах юм. Аливаа улс үндэстэн, ялангуяа ОХУ-ын ард түмэн урвагчид болон жинхэнэ эх орончдыг хэзээд ялгаж салгаж чадна. Тэднийг аманд орсон ялаа шиг л нулиман хаяхаа мэднэ. Нийгмийн яг ийм шаардлагатай, жам ёсны цэвэрлэгээ нь манай улсыг хүчирхэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Одоогийн шинэ нөхцөл байдал эдийн засгийг үндэс сууриар нь гүн гүнзгий өөрчлөхийг шаардах болно. Би үүнийг нуухгүй ээ. Өөрчлөлт хийх амар байхгүй. Эдгээрээс болоод инфляц, ажилгүйдлийн түвшин түр зуур нэмэгдэнэ. Бидний үүрэг бол эдгээр эрсдэлүүдийг аль болох хамгийн бага түвшинд хүргэх явдал юм” гэж мэдэгдлээ.


URL: