Улаан-Үд – Улаанбаатарын нислэг ВАЛЮТЫН ЧЕНЖЭЭР дүүрчээ

DhalG70XkAAjkpp

ОХУ, Украины дайн эхлэснээс хойш дэлхийн эдийн засгийн хорионд орсон ОХУ-д валютын хомсдол үүсээд байна.

ОХУ-ын Төв банк ам.доллар, евро гар дээр олгохоо зогсоож, иргэд данснаасаа 10 мянган ам.доллараас илүү мөнгө авч чадахгүй болсон.

Энэ үед Эрхүү, Буриадын бизнес эрхлэгчдийн хувьд манай Hunnu Air компанийн Улаан-Үд, Улаанбаатарын тогтмол нислэг валют олох ганц арга зам болон хувирчээ.

Ганзагын наймааны үед “гахай” авахаар онгоц дүүргэдэг байсантай нэгэн адил орос наймаачид Буриадаас Монголд бөөн бөөнөөр ирж байна.

Буриадын “Байкал” нисэх буудлын ажилтны ярьснаар Улаанбаатар руу явж байгаа жуулчид бүгд рубль хийсэн том том цүнхтэй байх болжээ. Улаанбаатарын зочид буудлууд ч орос чэнжүүдээр дүүрсэн гэж Буриадын хэвлэлээр гарч байна.

Буриадын “Номер Один” сайтад “Монголчууд 30 сая төгрөгийн лимит тавьсан тул оросууд нэг хүн 10 мянган ам.доллар л солиулж байгаа. Дайны өмнө рубль 46 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 22 болж унасан. Хоёр дахин уналаа гэсэн үг. Гэхдээ л Орост аваачиж зарахаар ашиг олж байгаа. Дээр нь Орост мөнгө байлаа ч доллар олдохгүй болсон. Харамсалтай нь, монголчууд өөрсдөө энэ бизнест ороод ирлээ. Өнгөрсөн долоо хоногт Буриадад ирсэн монгол жуулчид маш их ам.доллар бэлнээр авчирсан” гэж бичжээ.


URL: