Украин: ОХУ-тай лхагва гарагт хэлэлцээгээ үргэлжлүүлнэ
Украин, ОХУ-ын төлөөлөгчид дипломат хэлэлцээгээ лхагва гарагт үргэлжлүүлнэ гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк мэдэгдсэн байна. Талууд үндсэн зарчмын хувьд сөргөлдөөнтэй байгаа ч буулт хийх орон зай байсаар байгааг тэрбээр онцоллоо.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины удирдагчид мөргөлдөөнийг эцэслэх хэлэлцээнд талууд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олоход нухацтай хандахгүй байна гэж мэдэгдээд байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский “Манай төлөөлөгчид ОХУ-ын талтай хэлэлцээ хийхдээ энэ талд анхаарал хандуулсан. Надад байгаа мэдээллээр хангалттай сайн явж байна. Гэхдээ бид ажиглах болно. Маргааш мөн үргэлжилнэ. Үнэнийг хүргэхийг оролдож буй оросуудад талархлаа илэрхийлмээр байна. Худал мэдээлэлтэй тэмцэж, өөрсдийн төрөл садан, найзууд, ойрын хүрээлэлдээ үнэнийг, бодит баримт хүргэж байгаад нь. Би хувиасаа ОХУ-ын Нэгдүгээр сувгийн студид дайныг эсэргүүцсэн бичиг барьсан залуу эмэгтэйд талархлаа илэрхийлмээр байна. Мөн тэмцэхээс айхгүй байгаа хүмүүст. Танай улс дэлхийд бүрмөсөн хаалттай болоогүй байгаа дээр, БНАСАУ болоогүй байгаа дээр, та бүгд боломжоо алдаж болохгүй.
Манай зоригт хамгаалагчид ОХУ-ын цэргүүдэд аймшигт хохирол учруулсаар байх болно. Бидний сөнөөсөн ОХУ-ын нисдэг тэрэгний тоо 100 хүрэхэд ойрхон байна. Тэд хэдийнэ 80 сөнөөгч онгоц, олон зуун танк, 1000 гаруй зэвсэг хэрэгслүүдээ алдсан. Энэ сарын 14-нд Киев, Луганскийн бүс нутгаас 3806 украин иргэнийг нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдэгдлээ.
Украинд мөргөлдөөн үргэлжилж, гурван сая гаруй иргэн дүрвээд байгааг НҮБ мэдээллээ. АНУ дүрвэгсэд, орон гэргүй болсон иргэдэд нэмэлт 186 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдээлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 24-нд болох Европын Холбооны удирдагчдын уулзалтад биечлэн оролцохоор болсныг Цагаан ордон мэдээллээ. Төрийн тэргүүн нар Украины нөхцөл байдал, Европын эрчим хүчний хамаарлын асуудлыг хэлэлцэнэ.
URL: