Дотооддоо үйлдвэрлэдэг цементийн үнэ 30 хувь өсөхөд юу нөлөөлөв!
2020 оноос эхлэн Монгол Улс дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Энэ үед нэг тонн ууттай цемент 190 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 270 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдан авагчдын гарт хүрч байна. Энэ нь цементийн үнэ хоёр жилийн өмнөхөөс 30 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг.
Монгол Улсад одоогийн байдлаар цемент үйлдвэрлэдэг дотоодын тав, Хятадын хөрөнгө оруулалттай нэг компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр компаниуд жилд дунджаар 1.6 сая орчим тонн цемент үйлдвэрлэдэг.
Жилд 1.2 сая тонн цементийн хэрэглээтэй гэгддэг Монгол Улсын хувьд энэ үзүүлэлтээс харахад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар. Гэтэл бодит байдал санаснаар биш байна.
Гуравдугаар сарын 2-ноос эхлэн дотоодын үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмж эхэллээ. Тухайлбал, ”Мак цемент” ХХК-ийн уутласан нэг тонн цемент хоёрдугаар сарын 22-нд 202,600 төгрөгийн үнэтэй байсан бол энэ сарын 2-нд 60 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, 275 мянган төгрөг боллоо.
Барилга, хот байгуулалтын яамны гаргасан Барилгын материалын нөөцийн судалгаанд тусгасан цементийн томоохон үйлдвэрүүдийн үнийн мэдээллийг харахад (2022.02.22-2022.03.15)
- “МАК Цемент” ХХК-ийн ууттай цемент 58,000, задгай нь 51,000 төгрөгөөр
- “Монцемент” ХХК-ийн ууттай цемент 59,000, задгай нь 61,500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Цементийн үнэ ийн өссөн гол шалтгаан нь түүхий эдийн үнэ, тээврийн өртөг, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотой гэж аж ахуйн нэгжүүд тайлбарлаж байна.
Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тайлбар авах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөхөөс дийлэнх нь татгалзав.
“Монцемент” ХХК руу хэд хэдэн удаа холбогдох гэж оролдсон. Харин “МАК Цемент” ХХК-ийн ажилтан “Одоогийн байдлаар үнээ нэмсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх товч тайлбар хэлээд, утсаа таслав.
Ямартай ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт цементийн үнийн нэмэгдэлтэй холбоотой гомдол ирсэн тул тус байгууллагаас ойрын өдрүүдэд цементийн үйлдвэрүүдэд нарийвчилсан хяналт, шалгалт хийхээр болсон гэх мэдээллийг албаныхан өглөө.
https://news.zindaa.mn/43h9
URL: