Ерөнхийлөгч асан Х.Баттулга намаа удирдана гэв үү?!
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт АН-даа очих шийдвэр гаргажээ.
Тэр дөрөвдүгээр сарын 6-нд болох АН-ын даргын сунгаанд бүртгүүлж, нэрээ дэвшүүлсэн нь улстөрчдөд гэнэтийн мэдээ, өнгөрсөн долоо хоногийн улс төрийн халуун сэдвийн нэг байв.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-даа буцаж очих, очих очихдоо намаа удирдах том төлөвлөгөө тээж яваа сургаар АН-ынхан хөдөлгөөнд орлоо.
Ямар сайндаа л АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намынхаа ээлжит бус XIII их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Х.Баттулга шиг улс орноо, АН-аа сүйрүүлсэн удирдагч байхгүй” хэмээн тодотгож, түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэндээ журмын нөхөд болон намынхаа гишүүд, дэмжигчдээс уучлал хүссэн байдаг.
Түүнчлэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс эхлээд Х.Баттулгыг АН-ын даргын сунгаанд бүртгүүлж, нэр дэвшиж байгаа үйл явцыг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсээр байна.
Эндээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн шийдвэрийг журмын нөхөд нь тийм ч таатай, нааштайгаар хүлээж авахгүй нь тодорхой харагдаж байна.
Дээр нь, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсний дараа өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсон. Энэхүү саналыг Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өөрөө Х.Баттулгад тавьсан ч тэрхүү саналыг нь Х.Баттулга зөвшөөрсөн нь АН-ын гишүүд, дэмжигчдэд таалагдаагүй нь лавтай.
Ямартай ч Монгол Улсын тав дахь төрийн тэргүүн Х.Баттулга АН-аа удирдахаар даргын сунгаанд нэрээ дэвшүүллээ.
Нөгөөтэйгүүр тэр эрх баригч намын “хаяа”-наас холдож, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ.
Харин хэсэгтээ эрх баригч намыг “түшсэн” Х.Баттулгад намынхан нь итгэл хүлээлгэх эсэхийг цаг хугацаа харуулна.
https://news.zindaa.mn/43c6
URL: