АНУ: ОХУ БНХАУ-аас зэвсгийн тусламж хүссэн
ОХУ БНХАУ-аас зэвсгийн тусламж хүссэн талаар АНУ мэдээллээ. Харин ямар төрлийн зэвсгийн тусламж хүссэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
ОХУ БНХАУ-аас зэвсэг авахаасаа илүү голчлон зэвсэг нийлүүлсээр иржээ. Хэдий тийм боловч хятадууд цэрэг армийн зэвсэг технологио эрчимтэй шинэчилсээр байснаас сүүлийн жилүүдэд харьцангуй дэвшилтэт технологийн зэвсгүүдтэй болоод байгаа ажээ.
Одоогоор БНХАУ-ын тал ОХУ-ын хүсэлтэд хэрхэн хариу өгөх нь тодорхойгүй байна. БНХАУ-ын Засгийн газар ОХУ-ын Украинд халдсаныг ямар нэг байдлаар шүүмжлээгүй байгаа юм. Гэхдээ удаа дараалан мөргөлдөөнийг зогсоох шийдэл олохыг уриалсан байна.
АНУ БНХАУ-ыг ОХУ-д дэмжлэг үзүүлэхгүй байхыг анхааруулсан талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдээлсэн юм. Мөн тэрбээр АНУ улс орнуудыг хоригуудын нөлөөллийг бууруулах чиглэлд ОХУ-д дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгийг тодотгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“Дэлхий даяар хөлсний цэргүүд элсүүлж Украин руу илгээх тухайд, Украиныг дэмжигч барууныхан, Украины дэглэм, яг үүнийг нууж хаалгүй, нээлттэйгээр, олон улсын эрх зүйн бүхий л хэм хэмжээг үл ойшоон гүйцэтгэж байгааг бид харж байна. Тиймээс хэрэв Донбассын ард түмэнд сайн дураараа, ялангуяа үнэ хөлсгүйгээр очиж туслахыг хүссэн хүмүүс байвал бид хүслийг нь биелүүлж, байлдааны бүсэд нэвтрэхэд нь туслах ёстой” гэж мэдэгдлээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский
“18 орчим хоногийн хугацаанд 13 мянга орчим түрэмгийлэгч үрэгдлээ. Энэ нь аль хэдийн Чеченийн хоёр дайнаас хоёр дахин давсан гэсэн үг. ОХУ цэргийн тээврийн хэрэгсэл 1000, 74 тийрэлтэт онгоц, 86 нисдэг тэргээ алдсан. Тэдэнд ахиад байгааг ойлгож байна, гэхдээ бид ч гэсэн өөрсдийгөө хамгаалсаар байх болно” гэж онцлов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден
“АНУ Украинд дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Бид Европын холбоотон орнуудтайгаа нэг байр сууринд бат зогсож, хамтдаа шийдвэр нэгтэйгээр NATO-ийн газар нутгийн сөөм бүрийг хамгаална гэсэн тодорхой байр сууриа илэрхийлсээр байх болно. Иймээс л би Оросын хилийн шугамын дагуу АНУ-ын 12 мянга гаруй цэргийг байршуулсан. Латви, Эстони, Литва, Румынд гэх мэт. Нэг л нүүдлээр хариу барихад Дэлхийн III дайн эхэлнэ. Гэхдээ V зүйлд заасны дагуу NATO-ийн газар нутгийг хамгаалах ариун үүрэг бидэнд бий. Мөн бид Украины газар нутагт Дэлхийн III дайныг хийхгүй. Ардчиллыг дэмжигчид энх тайван, аюулгүй дэлхийг бүтээхийн төлөө эвлэлдэн нэгдэж байна. Бид хүч чадлаа харуулж, хэзээ ч няцахгүй. Гэхдээ сонс. Давшилтын зэвсэглэл илгээж, америк жолооч, америк багтай онгоц, танк, галт тэрэг оруулах саналтай байгаа бол ойлго. Тоглох хэрэггүй. Хэн ч, юу ч гэж хэлсэн бай тэр үед Дэлхийн III дайн болох болно” гэж мэдэгдлээ.
М.Аминаа
Bloomberg Tv
URL: