Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авах талаар Г.Занданшатарын байр суурь
УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын даргын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “УИХ ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг зохион байгуулж буй. Өнөөдрийн сургалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар орлогын шаталсан татвартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өндөр орлоготой иргэдээс илүү татвар авах талаар УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа асуудал байхгүй. Харин нийгэмд ойлголцол, зөвшилцөл бий болгох хүрээнд дэвшүүлж буй санаа. 2.5 сая төгрөгийн тухайд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох шаардлагад орлогын шаталсан татварыг тогтоох үүрэг хүлээсэн ч бид биелүүлж чадаагүй. Үүнийг тогтоогоод нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч цуцалсан байдаг. Үүн дээр алдаатай байсан нэг зүйл нь орлогыг 2.5 сая төгрөг гэж хэт доогуур тогтоосон. Нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг бий болгохын тулд шаталсан татварт шилжих нь зөв. Иргэдийн хувьд орлогоос нь бүхэлд нь татвар авна гэж ташаа ойлгож байна. Тухайлбал төрөөс шаталсан татварын босгыг 2.5 саяар тогтоосон гэж үзвэл гурван сая төгрөгийн цалинтай иргэний хувьд 2.5 саяас илүү гарч буй 500 мянган төгрөгөөсөө таван хувийн татвар төлөх юм. Үндсэндээ 25 мянган төгрөгийн татвар нэмж төлнө л гэсэн үг юм. Түүнээс биш нийт төлж байгаа татвар дээр таван хувийг нэмэхгүй” гэлээ.
Түүнчлэн орлогын шаталсан татвар нэмэх талаар эдийн засагч, судлаачид байр сууриа илэрхийллээ.
Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ШАТАЛСАН ТАТВАРЫН ТОГТОЛЦООНД ШИЛЖИХИЙН ТУЛД СУДАЛГАА САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Шаталсан татварын тогтолцоо руу хэзээ нэгэн цагт орно гэдэгтэй санал нэг байгаа. Харин өнөөдөр цаг хугацааны хувьд тохиромжтой эсэхэд судалгаа, дүн шинжилгээ хийх шаардлагатай. Ялангуяа татвар тэгш хүртээмжтэй байхаас гадна эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байх ёстой. Хувь хэмжээний цаана асар олон чанарын үзүүлэлтүүд байдаг. Тийм учраас өндөр орлоготой хэсэг бүлэгт шаталсан татвар ноогдуулах нь эдийн засгийн өсөлтийг хойш нь татах нөхцөл байдал үүсэх үү эсвэл өндөр орлоготой иргэдийн хийх, бүтээх явцад сөрөг нөлөөлөх үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөн татварт баригддаггүй далд орлогуудыг нээн илрүүлэх, цалин хөлснөөс бусад орлогоос 20-30 хувийн татвар авдаг санаа зөв байж магадгүй. Хоёрдугаарт, бид эхлээд Монгол Улсын эдийн засгийн тэгш байдлын үнэлгээг хийх шаардлагатай. Бид дундаж давхаргыг бий болгох мөн дэмжих ёстой. Гэтэл өнөөдөр Монголд дундаж давхарга байгаа юу. Тиймээс шаталсан татварыг Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудын шаталсан татварын түүхийг харвал хүн амын дундаж орлого, нэг хүнд ногдох ДНБ өндөр түвшинд хүрсэний дараа хэрэгжүүлж эхэлжээ.
URL: