АНУ Оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьжээ

712-16467942966228165f08cbeВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ ОХУ-ын газрын тос, байгалийн хийн бүх импортод хориг тавьж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар мягмар гарагт үг хэлэхдээ мэдэгджээ.

“Энэ бол Конгресс дахь хоёр намын дэмжлэгийг авсан шийдвэр бөгөөд мөн улс даяар дэмжсэн шийдвэр гэж бодож байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Үүний сацуу ийм хориг арга хэмжээ нь АНУ-д шатахууны үнийг цаашид нэмэгдүүлэхэд хүргэнэ гэдгийг Ж.Байден хүлээн зөвшөөрсөн байна. Украинд Оросын ажиллагаа эхэлснээс хойш тус улсад нэг галлон /3.785 литр/ шатахууны үнэ 75 центээр өсжээ.
“Энэ шийдвэрээс хойш шатахууны үнэ улам өснө. Гэсэн хэдий ч би үнийн өсөлтийг барихын тулд чадах бүхнээ хийнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Манай холбоотнууд бүгд Оросын эсрэг одоогоор ийм арга хэмжээ авч чадахгүйг бид ойлгож байгаа боловч Вашингтон үүнийг хийж чадна гэж Цагаан ордны эзэн онцлон тэмдэглэжээ.
Мягмар гарагт АНУ-д шатахууны үнэ нэг галлон нь 4.17 ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Ж.Байден хэлсэн үгэндээ Америкийн эрчим хүчний компаниудад үнийг хөөрөгдөхгүй байхыг уриалж, “нөхцөл байдлыг хэрэглэгчдийг хохироож өөрсдийн ашиг сонирхолд ашиглахгүй байхыг” уриалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг


URL: