ОХУ-д “унасан” рублийн урсгал Монголооос ам.доллар татсаар байна уу

164686989162293d836f67cОрос Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улс, тэр дундаа Европын холбооны зүгээс эдийн засгийн хэд хэдэн хоригийг тавиад байгаа билээ. Үүнээс үүдэж ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт рублийн нэг ам.доллартай тэнцэх хэмжээ хоёр дахин нэмэгдээд байна.

Тэгвэл энэ үйл явдалтай давхцан Монгол Улсад ам.долларын ханш өссөөр байгаа нь анхаарал татаж эхэллээ. Ханшийн энэ өсөлт явсаар тун удахгүй нэг ам.доллар 3000 төгрөгт хүрэх нь энүүхэнд байна. Түүгээр зогсохгүй ОХУ-д унасаар байгаа рублийн ханш манай улсад тогтвортой байгаад олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлсээр байна.

Энэ нь өдөр ирэх тусам ханш нь унаж байгаа рублийг ОХУ-аас манай улсад зөөвөрлөн авчирч, ам.доллараар сольж байж болзошгүй гэх асуудал дэгдээд байгаа юм. Үүнийг батлах нэгэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд гарсан. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын хил рүү гурван тэрбум ам.долларыг бэлнээр гаргасан гэх. Одоогоор энэ асуудал дээр хууль хяналтын байгууллага мэдээлэл өгөөгүй байна.

“Найман шарга” валют арилжааны төв дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш өчигдрийн байдлаар 2880 төгрөгтэй тэнцээд байна. Өмнөх өдрүүдэд 2900 гарч байсан тохиолдол ч бий.

Тус арилжааны төв дээр ам.долларын эрэлт их байгаа ч хомсдолд оржээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэдгийг арилжаачид хэлж байв. Тухайлбал, “Найман шарга” төв дээр байрлах банк бус санхүүгийн байгууллагуудын зүгээс ам.долларын ханш эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өсөх хандлагатай тул худалдаанд гаргахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Түүнээс гадна рублиэр солих эрэлт ч өндөр буй гэдгийг арилжаачид хэлж байв. Ялангуяа шөнө оройн цагаар гадаад болон дотоодын иргэд рублийг солиулах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Нөгөө талаар арилжааны банкууд ам.доллар дээр тодорхой тооны квот тогтоосон гэх мэдээлэл гарснаас үүдэж валют арилжааны төвийг зорьж ирэх хүмүүс ч бий гэж байна.


Монголбанк: Амолларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын шинжтэй


Ам.долларын ханш өссөөр байгаа тухайд Монголбанкны зүгээс байр сууриа илэрхийлээд байна. Тус байр суурьт “Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа бөгөөд төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкуудад гадаад валют тогтмол нийлүүлэн ажиллаж байна. Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдээс илүү эрчимжсэн бөгөөд энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна. Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 3,945 сая ам.доллар байна. Энэ нь долоон сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд буюу олон улсын жишиг түвшнээс өндөр дүн.

Төв банкуудын хувьд гадаад валютын нөөцөө чөлөөтэй хөрвөх шинж чанартай, нөөцийн валютаар бүрдүүлдэг. Тодруулбал, АНУ-ын доллар, евро, Японы йен, Английн фунт, БНХАУ-ын юань зэрэг валютаар гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нь түгээмэл байдаг. Энэ жишгийн дагуу Монголбанкны хувьд рублиэр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн рублийн бусад валютад чөлөөтэй хөрвөх чадвар муудаж байгаа энэ үед дээр дурдсан чөлөөтэй хөрвөх валютын нөөцийн валютын эрэлт ОХУ-д өсч байгаа тул ОХУ-тай хийх төлбөр тооцоонд бэлэн рублийн нөөцөөс шалтгаалсан хүндрэл гарахгүй гэж ойлгож болно” гэжээ.

Өөрөөр хэлбэл, төв банк “Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа” гэсэн нь рублийг ам.доллараар сольж байгаа асуудлыг үгүйсгэхгүй байна.


Р.Даваадорж: Монголоос гадагшаа явах урсгал нэмэгдсэн учраас валют өсч байна


Харин эдийн засагчид энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Эдийн засагч Р.Даваадорж ийм байр суурьтай байна.


-Ам.долларын ханш өссөөр байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ. Рублийг ам.доллар болгосоор байгаатай холбоотой гэх мэдээлэл байна?

-Монгол Улс саяхнаас хил гаалиа бүрэн нээж, хүмүүс гадагшаа чөлөөтэй явах боломжтой болсон. Эмчлүүлэх, суралцах, ажиллах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн ихэссэн. Үүнийг дагаад валют өсч байгаа юм. Түүнээс биш Орос, Украины дайнтай холбоотой, рублийн ханш унасантай шууд холбож тайлбарлаж болохгүй.

Нөгөө талаар манайд бараа материалын үнэ асар их өсч байна. Инфляци 16.6 хувь болчихоод байгаа. Сар ирэх тусам 2-3 хувиар өсч байна шүү дээ. Энэ нь цаашид валют улам л өсөхийн дохио. Учир нь монголчууд импортоор бүх бараагаа авдаг. Бараа материалын үнэ өсөөд л байвал валют өсч таарна.

-Рублийн ханш ОХУ-д ямар байдалтай байна вэ?

-Орос, Украины дайн эхэлснээс хойш нэг ам.доллар 80 рубльтэй тэнцэж байсан бол одоо 120 рубль болчихоод байна. Энэ нь ОХУ-д тавьсан Европын холбооны олон хоригтой холбоотой. Иргэд, аж ахуйн нэгжүүд нь алдагдлаас сэргийлж валют худалдан авах сонирхолтой байгаа учраас ам.долларын ханш өссөөр байгаа юм.

-Тийм учраас манайхаас ам.доллар рублиэр солих хандлага байгаа юм биш үү?

-Шууд тийм гэж дүгнэх боломжгүй. Мэдээж бид цаашид энэ байдлаар үргэлжилж болохгүй. Үнийн өсөлтийг зогсоох хэрэгтэй. Бид гадагшаа уул уурхайн бүтээгдэхүүнээ чөлөөтэй худалдаж чадахгүй байна шүү дээ. Уг нь валютын ханш өсөхгүй байх боломжтой. Тэр нь уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа. Нүүрс гэхэд олон улсын зах зээл дээр 400 ам.доллар, алт 2000 ам.доллар, зэс бүр 10.000 ам.доллар хүрч байна. Манай улсын хувьд маш сайхан боломж. Гэвч Засгийн газар зөв бодлоготой ажиллаж чадахгүй байгаагаас энэ сайхан боломжийг ашиглаж чадахгүй байна.

Ганц жишээ хэлэхэд, манайтай ижил уул уурхайн баялгаараа амьдардаг улсууд бол Чили, Перу. Эдгээр улсуудын гол экспортын бүтээгдэхүүн нь зэс. Тэд ковидын хямралын үеийг ашиглаад зөв бодлого хэрэгжүүлж чадсанаар 2021 оны эдийн засгийнх нь өсөлт 10-11 хувьтай гарсан. Харин манайх 1.4 хувийн өсөлттэй л байна гэв.

Б.Энхзаяа

Өдрийн сонин


URL: