Украины тэргүүн хатагтай дайнд амь үрэгдсэн хүүхдүүдийн зургийг нийтэлжээ
Орос Украин руу дайралт хийснээс хойш 38 хүүхэд амиа алдсан гэж Украины тэргүүн хатагтай Олена Зеленска мэдэгдээд тэдний заримынх нь зургийг өөрийн инстаграм хуудастаа хуваалцжээ.
Тэд Украины хүүхэд бүрийн үхэлд биечлэн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэгдээрэй
Тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийн эхнэр Олена Зеленска дайны хамгийн балчир хохирогчдын зүрх шимшрүүлэм гэрэл зургуудыг нийтэлсэн юм.
Тэрээр зургийн тайлбарт “Украинд 38 хүүхэд нас барсан. Манай тайван хотуудад ч дайралт ирж магадгүй тул энэ тоо нэмэгдэж ч болно” гэж 44 настай Олена Зеленска бичжээ. “Орост байгаа цэргүүд нь энгийн иргэдийг хохироогоогүй гэж хэлбэл эдгээр зургийг үзүүл. Том болох ч боломж олгоогүй эдгээр хүүхдүүдийн царайг тэдэнд үзүүл” хэмээн бичжээ.
Орос энгийн иргэдийг хохироож буйг байнга үгүйсгэсээр ирсэн. НҮБ-ын мэдээлснээр хоёр сая гаруй хүн Украинаас дүрвэсэн бөгөөд энгийн 406 иргэн амь үрэгдсэн нь батлагдсан ч хохирогчдын тоо бодит байдалд үүнээс илүү байх хэмээн таамаглаж байгаа аж.
Тэргүүн хатагтайн сошиал хуудас дахь нийтлэлд дурдсан таван хохирогч хүүхэд нь ой хоёр сартайгаас 14 хүртэлх насныхан байжээ. Нэг зурагт нь бууны суманд өртөн амь үрэгдсэн 18 сартай Кирилл Яцког аав нь тэврэн эмнэлэгт хүргэн ирж, ард нь уйлж сандран гүйх ээж нь харагдах аж. Мөн Тэргүүн хатагтай зургаан настай София, долоон настай Алис, 10 настай Полина, 14 настай Арсений хэмээх амиа алдсан хүүхдүүдийн хар цагаан зургуудыг хуваалцжээ.
Гэм зэмгүй хүүхдүүдийг хамгаалахын тулд Украины дээгүүр нислэггүй бүс байгуулахыг НАТО-гоос гуйжээ.
Алис, Полина хоёр бууны суманд өртсөн бол Арсений толгой руу сумны хэлтэрхий туссаны улмаас цус алдан амиа алдсан гэж Зеленска хэлэв. Харин Софияг гэр бүлийнхэнтэйгээ хамт машиндаа буудуулж амиа алдсан гэжээ. Мөн бяцхан охины төрсөн дүү нь халдлагад амь үрэгдсэн гэв.
Тэргүүн хатагтай “Би дэлхийн бүх шударга хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан уриалж байна. Энэ аймшигт үнэнийг түгээгээрэй. Оросын түрэмгийлэгчид Украины хүүхдүүдийг алж байна. Орос эхчүүдэд хэлээрэй. Хөвгүүд нь энд, Украинд яг юу хийж байгааг тэдэнд мэдэгдээрэй. Эдгээр зургуудыг орос эмэгтэйчүүдэд үзүүлээрэй. Таны нөхөр, ах дүүс, нутаг нэгтнүүд Украины хүүхдүүдийг хороож байна. Тэд Украины хүүхэд бүрийн үхэлд биечлэн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэгдээрэй” хэмээжээ.
Бид бууж өгөхгүй. Дэлхий нийт та бүхэн хараарай. Бид цаашлаад танай эх орны энх тайвны төлөө ч тэмцэж байна
Мөн “Тэнд олон зуун хүүхдүүд хонгилд хоол ундгүй, эмнэлгийн тусламж ч авч чадахгүй үхэж байна. Барилгаас гарах гэж оролдсон гэр бүлүүдийг орос цэргүүд буудаж байна. Тэд мөн туслахыг оролдсон сайн дурынхныг ч хороож байна” гэжээ.
Зеленска уг нийтлэлдээ гэм зэмгүй хүүхдүүдийг хамгаалахын тулд Украины дээгүүр нислэггүй бүс байгуулахыг НАТО-гоос гуйжээ. Тэргүүн хатагтай яг хаана байгаа нь тодорхойгүй байгаа ч түүнийг хоёр хүүхдийн хамт Украинд үлдсэн гэж үзэж байна.
“Украин бол энх тайванч орон. Бид дайны эсрэг түрүүлж хөдлөөгүй. Гэхдээ бид бууж өгөхгүй. Дэлхий нийт та бүхэн хараарай. Бид цаашлаад танай эх орны энх тайвны төлөө ч тэмцэж байна гэсэн үг” хэмээн бичсэн юм.
Эх сурвалж: Today
URL: