Г.Батбаяр: Цагдаа нар албан тушаал, нэр хүндээ хамгаалахын тулд бусдын зөрчлийг гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж байгаад харамсаж байна

6313c9acf644a3d2c1e5db858d2586d2

-Миний охины үйлдэлд сургуулиас нь хөөж, цагдаад шалгуулж, олон нийтэд гутаалгах зэргээр маш олон шийтгэлийг давхардуулж байна-

Кофены хэргээр олон нийтийн анхааралд орчхоод байгаа Б.Ариунзаяагийн аав, АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяртай ярилцлаа.

- Өнгөрсөн долоо хоног хувьд танай гэр бүлийн хувьд хүнд долоо хоног болж өнгөрөх шиг боллоо. Охины үйлдлийг бид ярихгүй, хууль шүүхээрээ шийдэгдэх асуудал. Харин түүнийг тойрсон үйл явдал анхаарал татлаа?

- Би эхлээд мэдээгүй байсан боловч хэсэг хугацааны дараа хэвлэлээс олж мэдсэн.

Маргаан бүхий үйл явдал гурван хэсэг үйлдлийг хамарч байна гэж үзнэ. Эхнийх нь танхайн шинжтэй үйлдэл буюу хэсэг охид кофе шопт суужээ. Охиныг минь ширээнд суугаад захиалга өгөх хүртэл 20 орчим минутын турш олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэй үйл хөдлөлийг гаргаж, тасралтгүй муухайгаар харж, түүнийг шоолон хөхрөлдөж, эвгүй дуу авиа гаргах зэргээр Зөрчлийн хуулийн 5.2.1-д заагдсан танхайн шинжтэй үйлдлийг гаргасан байна.

Охин захиалсан кофегоо авчхаад охид руу очиж “Та нар зүгээр үү. намайг таньдаг юм уу” гэх зэргээр асуулт асууснаар маргаан үүссэн байна. Хариуд нь хохирогч гэх охин “Чи хэн бэ. надтай хэн ч ингэж харьцдаггүй. хөгшин п… минь. я…минь” гэх мэтээр доромжилсон. Охин хариуд нь “Та нар надаас дүү хүүхдүүд байна, та нартай харьцах шаардлага алга’ гээд цаашаа эргэсэн. Нөгөө охин хормойноос татаж чангаагаад “Надаас уучлалт гуй, сөгдөж мөргө” гэсэн байдлууд танхайн үйлдэлд хамаарна.

Охин маань “Мөргөдөг нь би биш” гэдэг байдлаар кофегоо асгасан. Энэ хүртэл миний охины гэм буруутай үйлдэлд хамаарна. Үйлдэл тус бүрээр нь гэм буруутай шинжид нь хариуцлага оногдуулах ёстой. Эхний хэсгийн кофе асгах хүртэл үйлдэл дээр М охин танхайн үйлдэлдээ зөрчлөөр хариуцлага хүлээх үүрэгтэй. Хятад, Солонгос, Японд гурван секундээс илүү удаан ширтэхийг хориглодог. Гэтэл манайд үүнийг хуульчлаагүй учраас энэ төрлийн маргаан маш их гардаг.

- Охиныхоо буруутай үйлдлээс өмнө бусдын бурууг яриад эхэлж болох уу?

- Түүнээс хойших кофе асгаж байгаа үйлдэл нь миний охин хариуцлагаа хүлээх нь шударга, зүй ёсны асуудал. Гэмтлийн зэрэг гарвал гэмтлийн зэргээрээ гарахгүй бол зөрчлөөрөө торгуулж таарна.

- Тэгвэл гурав дахь асуудал нь?

- Кофе шопын гадна зууралдаж байгаа үйл явц. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй, тоо хүчний хувьд давамгай байдалтайгаар миний охин руу довтолж ,”Чи солиотой юм уу, араа харж яваарай, ална шүү” гээд орилж байгаа нь бичлэгээр баримтжуулагдсан.

Миний охиныг хоёр талаас нь бичлэг хийж байгааг харсан байх. Тэр бичлэгийг тасалж олон нийтэд тараахаас өмнөх үйл явц дээр залуу нь охиныг минь элдвээр доромжилж, биед нь халдсан байдаг. Тэр үйлдэл дээр нь залуугийн эсрэг гомдол гаргасан байгаа.

Хэдийгээр хүн гэм буруутай үйлдэл гаргасан байж болох боловч түүнийг таслан зогсоох зорилгоор хүний биед халдах эрх тухайн эрэгтэйд байхгүй.

- Эцэг хүний хувьд…?

- Охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Биеэ барьж чадаагүй, хүний толгой дээр кофе асгаж байгаа үйлдэл бол туйлын буруу.

- Анх танай охин цагдаагийн хэлтэс дээрээс хийсэн бичлэгээ цацсанаар л асуудал хөвөөд явчих шиг боллоо?

- Тэгсэн. Миний охиныг цагдаагийн байгууллага дээр очсоных нь дараа цагдаа Батзориг дүрмийн бусаар харьцаж, орилж, бархирч, гap утсанд нь хүрч, түлхэн унагаах зэргээр хүндэтгэлгүй харьцаж байгаа нь Цагдаагийн ес зүйн дүрмийн 2.4.1, 2.4.2-ийг зөрчсөн.

Уг нь хоёр хүүхэд эвлэрээд, бие биеэсээ уучлалт гуйгаад rap бариад, гомдол саналгүй гээд салаад явчихсан байдаг. Гэтэл цагдаагийн ёс бус, дүрмийн бусаар, эрүү шүүлт тулгах хэлбэрээр харьцаж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тавигдангуут нөгөө хохирогч охиноос байцаалт авч шинжээч томилох зэргээр үйл явдал өрнөсөн байна.

Ингээд хохирогч М гэх охин шөнийн 23:00 цагийн үед кофе шопт болсон үйл явдлын бичлэгийг цацсан. Ингэж л үйл явдал өрнөсөн.

-Байзаарай, хоёр охин эвлэрсэн байсан гэв үү?

- Зөрчил маргаан үүсмэгц цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудлагаар ирэхэд охид хоорондоо ойлголцоод “Бид хоёр эндээс салчихъя, гомдолгүй” гэхэд цагдаа нь “Нэгэнт дуудлага өгсөн юм чинь хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд яв” гэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод нөгөө охин нь түрүүлж мэдүүлгээ өгөөд яваад өгсөн. Миний охин мэдүүлэг өгөхөөр үлдсэн. Ингэхдээ хоёр хүүхэд нэгнээсээ уучлалт гуйсан. Нөгөө охин танхайн үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан, миний охин кофе асгасан үйлдэл дээрээ уучлалт гуйсан.

Тэр үед охины толгой, дух гэмтэлгүй байсан. Энэ нь кофе шалзлам халуун байгаагүй байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Гэхдээ ямар ч байдалд байсан гэсэн кофе асгаж байгаа нь миний охины туйлын буруу. Гэхдээ үүн дээр ялгамжтай авч үзнэ.

- За…

- Сэтгэл санаа цочрон давчдах, хүндээр доромжлогдсоны улмаас хүний биед хөнгөн, хүнд. хүндэвтэр хохирол учруулах гэсэн гэмтлийн зэрэглэл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1-д гэмт хэрэг гарах болсон үндэслэл, шалтгааныг тогтоохдоо хэзээ, хаана гарсан, хэн үйлдсэн, яаж гарсан гэдгийг мөрдөгч заавал нотлох үүрэгтэй.

Дээр нь олон нийтэд тараад байгаа бичлэг бол дундаас нь тасалж, өөрт ашигтай байдлыг гаргаж тавьсан дуу дүрсний бичлэг яваад байгаа. Ердийн байдлаар рек дараад явж байна уу, эсвэл эхлэх товчлуур асааж нэлээд бичигдсэний дараа түүнийг зогсоож тасалж, ашигтай байдлын хэсгийг тавиад байна уу. Үүнийг мэргэжлийн шинжээчийн байгууллага тогтооно гэх мэтчилэн маш олон маргаантай зүйлүүд үүсэж байгаа.

- Та бичлэгийг юу гэж үзэж байгаа юм?

- Зориуд өөрт ашигтайгаар бичлэгийг ашигласан. Өөрт давуу байдал үүсгэх гэж өөрийнхөө хууль бус үйлдлийг халхавчлах, нуун дарагдуулах зорилгоор таслаад байгаа юм уу. Яагаад бичлэгийг бүтнээр нь тавихгүй байгаа юм бэ. Гадна бүр хоёр охин бичлэг хийж байна лээ. Хоёр талаас нь бичээд байгаа хэрнээ яагаад тэр бичлэгүүд хоёул өшиглөж байгаа үйлдлээс эхэлж* миний охины явах үйлдэл дээр зэрэг тасарч байгаа.

Энэ нь бичлэгийг засаж янзалсныг нотолно. Нэгэнт дотор бичлэг хийж эхэлсэн бол тэр бичлэг гадна гартал үргэлжилсэн байна. Миний охиныг явах гэхэд татаж чангаагаад* “Чи муу байж бай, хөгшин авгай минь* Чамайг жинхэнэ байхгүй болгоно” гэх зэргээр доромжилж бичлэг хийчхээд тэр нь яагаад бүтнээрээ байхгүй байгаа нь хууль бус үйлдэл байгааг харуулна.

- Бичлэгийг таслах нь юунд хэрэгтэй гэж. Би ч бас асуумаар байна?

- Энэ бол цагдаагийн байгууллагын ажилтан Батзориг нь өөрийнхөө гэм буруутай үйлдлийг далдлах зорилгоор, хуйвалдаж* зориудаар тараасан үйлдэл юм болов уу гэж би хардаж байна. Хуулийн дор иргэн бүрд тэгш эрхийн зарчим үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл, миний охин ч хариуцлагаа хүлээнэ, бусад этгээдүүд ч хүлээнэ. Эрүүгийн хуулийн 21.12.1 гээд эрүү шүүлт тулгах гэснээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг буруутгасан үйл баримт бий. Энэ зүйл анги дээр “Төрийн албан хаагч ял, шийтгэл оногдуулах зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санаанд шаналал үүсгэсэн бол 1-5 жилээр хорино” гэж заадаг.

Энэ зүйлд зэрэг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнээр шийтгэл онооно. Цагдаагийн ажилтан Батзориг ч энэ зүйл ангиар шалгагдах ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талд өөрийнхөө ажилтны гэм буруутай үйлдлийг халхавчлах, цаашлаад цагдаагийн байгууллагын нэр хүндийг хамгаалах, хоосон нэр төр. алдар хүнд, эдийн бус баялгийн төлөө цагдаа нар нэг иргэний эрх зүйн байдлыг дордуулах эрх байхгүй.

- Кофе асгасан бичлэг нэг ёсондоо хэргийн гол баримт нотолгоо. Цагдаагийн мордон байцаалтад байгаа ийм ноцтой баримт шөнө дөлөөр олон нийтийн сүлжээнд цацагдах нь зов үү. Мордон байцаалтын нууц гэж юм байх уу?

- Мөрдөн байцаалтын нууц задруулах гэсэн Эрүүгийн хуулийн 21.9.1 дэх хэсэгт заагдсан зүйл анги байна. Үүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг прокурорын зөвшөөрлөөр тодорхой хэсгийг олон нийтэд түгээх, задруулж болох тухай заасан байдаг. Кофе шопын бичлэг бол 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр 17:00 цагийн орчимд хэрэг бүртгэлийн хэрэгт авагдчихсан баримт.

Гэтэл энэ баримт хавтаст хэрэгт CD хэлбэрээр орчихсон байхад хэн нэгэн олон нийтэд тараасан үйлдэл ажиглагдаж байна. Үүнийг прокурорын зөвшөөрлөөр тараасан юм уу, эсвэл хохирогчид тараасан уу гэдэг дээр өргөдөл гарган шалгуулна.

- Прокурор шөнө зөвшөөрчихсөн юм уу даа?

- Оройн 23:00 цагаас эхлээд тэр бичлэг цацагдсан баримт байна. Тэр үед охин маань нөгөө охин руугаа яриад “Хоёулаа эвлэрсэн биз дээ. Яагаад цацаад байгаа юм бэ. Эмчилгээ шаардлагатай бол эм тариа авч өгье” гэсэн. Хариуд нь “Би санамсаргүй тавьчхаж, удахгүй устгачихъя” гэж хэлээд л цацсан байгаа юм. Тухайн өргөдөл прокурорт танилцуулагдах хуульд заагдсан хугацаа болоогүй байгаа нь энд гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг харуулж байна.

- Хохирогч охиноороо бичлэгийг түгээсэн байх нь ээ?

- Хохирогч гэх М-ыг зориудаар ятгаж, цацуулсан гэж үзэж байна. Охин хэн нэгний даалгавраар сошиал сүлжээнд оруулсан.

Үүнээс харахад нэг бол охин мөрдөн байцаалтын нууцыг өөрийн санаачилгаар задруулсан, эсвэл мөрдөгч задруулсан болж таарах үндэслэл бүрдэж байна. Учир нь цагдаагийн дүрмийн бусаар аашилж байгаа бичлэг 16:00 цагаас 23:00 цагийн хооронд сошиалд битүү тарчихсан байсан. Гэтэл буцаагаад 23:00 цагт кофе шопын бичлэгийг гаргаж ирсэн.

Тэгэхээр гэм буруутай этгээд санаатайгаар бичлэгийг өөрт ашигтай байдал үүсгэхээр тараасан байна гэж үзэхээс өөр аргагүй.

- Цагдаагийн гаргасан ааш авирын талаар ч ярих ёстой. Кофены бичлэгээр энэ асуудал дарагдах гээд байна. Цагдаа гэрч, гэмт хэрэгтэн хэнийг ч доромжилж, гутааж, биед нь халдаж болохгүй гэж хуульд заасан байдаг гэж ойлгодог шүү?

- Охин маань цагдаагаас бие засах зөвшөөрөл авахыг хүссэн. Хариуд нь “Суу чи” гээд л сүрдүүлээд эхэлсэн байна. Шүүх хурал, хорих газар хаана ч хүн бие засмаар байна гэхэд шууд зөвшөөрдөг. Энэ бол хүний бие организмын жам ёсны заавал эдлэх ёстой эрх. Гэтэл хэргийг шалгаагүй, харьяаллын бус маргаанд мөрдөгч хөндлөнгөөс нь орж ирж, ял, шийтгэл оногдуулах зорилгоор бие махбод. сэтгэл санаанд шаналал зовуурь үүсгэх аргаар эрүү шүүлт тулгаж байгаа хэлбэр. Иргэнийг бие засуулахгүй гэж заналхийлээд, халдаад байгаа нь хууль ёсны шаардлагад тооцогдохгүй.

- Цагдаа “Чи юу юм, хэн юм бэ” гэж ирээд өндөр дуугаар зандарч байсан нь муухай харагдсан л даа?

- Ер нь цагдаа, хүчний байгууллага дээр тухайн субъект гэмт хэрэг үйлдсэн, эсвэл амьдралын түвшин доогуур, дорой хүн байсан ч төрийн албан хаагч давуу байдал үүсгэвэл Үндсэн хуулийн 14.2. Эрүүгийн хуулийн 14.1-д заагдсан ялгаварлал гэсэн гэмт хэргийн шинж үүсэж байдаг. Хэнийг ч шашин шүтлэг, албан тушаал, үзэл бодол, арьс өнгөөр ялгаварлахыг хориглоно гэдэг.

Гэтэл цагдаа нар албан тушаалын байдал, нэр хүндээ хамгаалахын тулд бусдын зөрчлийг гэмт хэрэг мэтээр нийгэмд ойлгуулж, өөрсдийн гэм бурууг халхавчлах гэж оролдсон үйлдэл гэж үзэж байгаа.

- Хэрэв цагдаагийн бичлэг цацагдаагүй бол нөхцөл байдал ингэж эргэхгүй байсан болов уу?

- Ерөөсөө л тэр. Хэрэв байцаагч Батзоригийн бичлэгийг тавиагүй бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй.

Мөн энэ асуудал дээр үйл явцууд маш хурдтай өрнөж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ийм хурдан явдаг бол иргэд баярлана. Аливаа хэрэгт шинжээчийн дүгнэлт гарснаар эрүүгийн хэрэг үүсдэг. Дүгнэлт 14-21 хоногийн дараа гардаг. Гэтэл миний охины асуудал дээр шинжээчийн дүгнэлт нэг өдрийн дотор гарчихсан. Араас нь прокурор хуурамч аккаунтны постыг шүүхэд нотлох баримт болгон хилийн хориг тавиулсан.

- Хилийн хориг тавьсан шүүх хурал дээр огцрох шийтгэл авсан Х.Идэр шүүгч орсон харагдана лээ. Бас л сонин дүр зураг харагдаад явчихсан шүү?

- ШЕЗ-өөс шийтгэл авсан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг. Ийм ажиллагаа яваагүй тохиолдолд шүүх хуралд орох бүрэн эрх нь нээлттэй л дээ. Гэхдээ үнэхээр миний охины асуудал дээр шударга ёс тогтооё гэж байгаа юм бол энэ асуудлыг анхаарах л ёстой.

- Үргэлжлээд сургуулийн асуудал бослоо. Хэдэн мянган оюутан нэг өдрийн дотор гарын үсэг цуглуулаад МУИС- ийн Хууль зүйн сургуульд хүргүүлсэн. Сургуулийн захиргаа охиныг тань хөөж байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ?

- Миний охин гурван орны хэлээр чөлөөтэй ярьж бичдэг мэдлэг, чадвартай хүүхэд. Зургаан наснаасаа л Найрамдал, Үй цай, Байгаль-эх лицей гээд МУИС-ийн лицей сургуульд ерөнхий боловсролыг эзэмшсэн. Хуульч болгохоор бэлдэж байгаад л МУИС-ийн Хууль зүйн сургуульд охиноо оруулсан. Таван жил сурсан, энэ тавдугаар сард төгсөх ёстой байсан. Харамсалтай л байна.

- Сургуулийн шийдвэрт нэлээд хэсэг нь алга ташиж байх шиг байна?

- Нэгдүгээрт, МУИС бол захиргааны байгууллага биш. боловсролын байгууллага. Захиргааны ерөнхий хуулийн 26. 27-д тухайн захиргааны актын үйлчлэлд өртөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа заавал явуулах тухай заасан. Тэр хүнд өөрийгөө өмгөөлөх эрхийг нь үлдээж өгдөг. Үндсэн хуулийн 16.14-т ч бий. Гэтэл тэр эрхээр нь ч хангахгүйгээр, найзуудынхаа групп чат руу явуулсан бичлэгийг нь хармагцаа “Энэ оюутан ер нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа юм байна” гэсэн дүгнэлт гаргаад шийдвэрлэсэн нь дэндүү хөнгөдчихлөө.

- Гэхдээ охин тань золбин сургууль хэрэггүй гэж ирээд бичсэн юм биш үү?

- Хэн нэгэн этгээд миний охины нэр, зургийг ашиглаж, хуурамч аккаунт нээгээд золбин сургууль, золбин улсаас чинь явна гэх зэрэг пост тавьсныг нь сургууль битгий хэл прокурор хүртэл баримт болгоод барьчихсан шүүх дээр мэтгэлцэж байна. Гэтэл одоо энэ баримтыг миний охин бичээгүй гэдгийг шалгаж тогтоох ёстой байтал хангаагүй нь асуудалд хэтэрхий хөнгөн хуумгай хандаж байгааг харуулж байна.

- Та сонсох ажиллагаа гэж хэллээ. Сургуулийн захирал, багш нарын хэлснээр бол охин утсаа авахгүй байгаа, хэл дуул гаж мессэж үлдээсэн гэж мэдэгдэнэ лээ. Дээрээс нь сургуулиас хөөх саналыг үндэслэж хуулийн заалтууд ч эшилж харагдсан?

- С.Нарангэрэл багшийн хэлээд байгаа шиг энэ үйл явдал нь хүмүүний ёсыг үндэслэсэн болохоос биш Үндсэн хууль хамаагүй гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Би тэр хурлыг хальт харсан л даа. Хуулийн ямар заалтыг үндэслэж байгааг харъя гэж бодсон.

Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн 6.2. 45.6-г үндэслэж байна гэж С.Нарангэрэл гуай тайлбарлаж байгаа харагдсан. Гэтэл Дээд боловсролын тухай хууль өөрөө 20 орчим заалттай. Ийм хууль байхгүй. Дээд боловсролын тухай хууль гэж байгаа. 6.2 заалт нь хүчингүй болчихсон хууль юм.

- Нөгөө талд хүний боловсрох эрх гэж том юм бий. Үндсэн хуулиар олгоод өгчихсөн. Өнөөдөр шоронгийн хоригдлууд хүртэл энэ эрхээ эдэлдэг биз дээ?

- Үндсэн хуулийн 16.1-д иргэний баталгаатай эдлэх эрх. 16.7-д хүн сурч боловсрох эрхтэй гэснээр хүний сурч боловсрох эрхийг ямар ч тохиолдолд юугаар ч хязгаарлах боломжгүй байдаг.

Харвард, Оксфордын сургууль хүртэл шоронгийн ялтнууд өөрсдийнх нь сургуулийг төгсөж, докторын зэрэг хамгаалдгийг бахархал болгон дэлхий нийтэд тунхаглаж байна. Энэ нь хүний сурч боловсрох эрхийн мөн чанар юм. Гэтэл манайд эсрэгээр нь сургуулийн нэр хүнд гутаасан хэрэг болж таарч байна.

- Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шууд шийтгэчхэж байгаа нь анхаарал татаж байна л даа. Дээр нь шийтгэхэд авч байгаа үндэслэл нь хуульдаа нийцэж байна уу гээд хуульч биш хүмүүс харахад л эргэлзээтэй. Та ч бас харсан байх?

- Иргэд утасны цаанаас олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичих хэлбэрээр бусдын гэм бурууг шүүж, өөрсдийн санал бодлыг илэрхийлмэгц түүнийг нотлох баримтаар үнэлж дүгнэн богино хугацаанд сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж байгаа нь олон нийтэд хүндлэгдсэн хуульчидтай сургууль гэхэд учир дутагдалтай, харамсалтай санагдаж байна. Гэхдээ энэ шийдвэр эцсийнх болоогүй. Зөвхөн саналын түвшинд явсан. Ийм болохоор тухайн шийдвэрт эргэж харж үзэх, хүчингүй болгох боломж олдох байх гэж найдаж байна.

- Танай охин 40 гаруй гэмт хэрэгт холбогдож байсан гэх юм. Үүнийг сонссон хэнбугай ч цочирдохоор байна. Үнэн ҮҮ?

- Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь хэсэгт заагдсан тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой хэргүүдийг гэмт хэрэг мэтээр олон нийтэд тайлбарлаж байгаа нь цагдаагийн байгууллагын буруутай үйлдэл. Төрийн болон албаны нууцын тухай хуульд хамаарах АСАА санд хадгалагдаж байдаг мэдээллийг хэн нэг нь зориуд санаатайгаар сэтгүүлч нарт гаргаж өгсөн байна.

Миний охины нэр дээр миний машин болон өөрийнх нь машин байдаг. Миний улаан гэрлээр ордог, дугаарын хязгаарлалтыг зөрчих, эгнээ байр буруу эзлэх зэрэг зам тээврийн торгуультай холбоотой зөрчлүүд байгаа. Үүнийг л миний охины нэр төрийг харлуулах зорилгоор тараасан байна. Миний хийж байгаа ажил болон би өөрөө охиндоо төвөг чирэгдэл учруулж байна гэж өөртөө харамсаж, өөрийгөө буруутгаж байна. Ер нь бодолтой байх ёстой юм байна.

- Охины асуудалтай зэрэгцээд аавынх нь нэр ч их явж байна. Ер нь танд олон нийт ихэд дургүй юм шиг харагдаж байна. Та ямар хэргүүд дээр ажилласан болоод өнөөдөр хүмүүс дургүйцээд байдаг юм бэ?

- Би маш олон стратегийн өмгөөлөл дээр ажиллаж байсан. Жишээ нь, олны анхаарал татсан хурандаа нарын хэрэг, Эрдэнэтийн маргаан, Дубайн гэрээг хүчингүй болгох, Халхголын 500 га чөлөөт бүс, Ноён уул, Улаанбадрахын ураны маргаан, гэр хорооллын барилгажилт гэх мэт маш олон нийтийн эрх ашгийг хамгаалсан маргаанууд дээр явж, том субъектүүдийн эрх ашиг сонирхлыг хохироосон, хөндсөн байдаг. Ийм болохоор би өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулжээ гэж бодож байна.

- Охин ер нь гэмших юм уу. Бичлэг, постноос нь харахад гэмших шинжгүй хүүхэд гэсэн ойлголт давлагаалаад байна?

- Миний охин энэ үйлдэлдээ анхнаасаа маш их гэмшиж харамсаж уйлж байсан. Гэхдээ арай ч амиа хорлох хэмжээнд хүрэхгүй. Ер нь амьдралд үхэл. өвчин хоёрыг л зовлонд тооцдог. Бусад нь асуудал бэрхшээл.

Үйлдэл бүр тохирсон шийтгэлтэй байх ёстой. Ямар нэг үйлдлийг хэтрүүлж давхардуулан шийтгэхийг хориглож байдаг. Гэтэл миний охины үйлдэлд сургуулиас нь хөөнө. цагдаад шалгуулах. олон нийтэд гутаалгах зэргээр нэг үйлдэлд маш олон шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулж байгаа нь буруу.

- Гэр бүлийн хүмүүжлийн тухай энэхүү асуудал их яригдаж байгаа. Бараг дэд сэдэв болтлоо хүчээ авч байна?

- Гэр бүлийн хүмүүжил гэх асуудалд хүн төрөлхтний түүхэнд тогтоосон норм стандарт, дүрэм журам гэж байхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1 дээр эцэг эхийн хүлээх таван үүргийг хуульчилж өгсөн. Хүүхдийг дулаан орон байраар хангах. тэжээллэг хоол ундаар хангах, сурч боловсрох эрхээр хангах. ардын зан заншил, ёс суртахууны мэдлэг боловсрол олгох гэх мэт зүйлүүд байдаг.

Мэдээж эцэг, эхийн хувьд хамгийн сайнаар нь хангахыг хичээж ирсэн. Ер нь ядуу, хүчирхийлэлтэй гэр бүлд хүүхэд буруу хүмүүжил олдог гэдэг ерөнхий ойлголт л байдаг. Би аль болох юмаар дутаахгүй, сурч боловсрох эрхээр хангаж, эцэг хүний үүргээ гүйцэтгэж ирсэн. Би охиноо буруу хүмүүжүүлсэн гэж бодохгүй л байна. Хүний гаргасан санаатай, санамсаргүй нэг үйлдлээр тухайн хүнийг бүхэлд нь дүгнэх боломжгүй. Алдаанаасаа суралцаад цаашаа хүн болж төлөвшиж байдаг.

- Охин тань “Миний аав том хүн байдаг, торгуулаад л өнгөрнө” зэргээр “томордог” гэх юм?

- Хохирогч гэх этгээдүүд тийм зүйлийг ярьдаг. Гэхдээ энэ нь баримтаар тогтоогдоогүй. Миний охин тийм зүйл ярих боломжгүй. Учир нь би өөрөө дайсан ихтэй, эрсдэлтэй байдалд ажилладаг учраас аль болох өөрсдийнхөө үр хүүхдийг нууж, эцэг нь гэдгээ мэдэгдэхгүйг хичээж байдаг.

Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Ариунзаяаг миний охин гэдгийг тэр болгон хүн мэддэггүй байсан. Би охиндоо итгэж байна, охин маань хэзээ ч тийм зүйл хэлэхгүй.

- Таны өмгөөлөгчийн эрх чинь сэргэсэн үү?

- Би эрхээ сэргээлгээгүй байгаа. 2019 онд нэг жилийн хугацаагаар хасуулсан. Сэргээх хугацаа нь болчихсон. Би одоо АН-ын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Өмгөөллийн хуульд эрдэм шинжилгээ болон багшлахаас бусад ажлыг хийхийг хориглодог. Иймээс би эрхээ сэргээгээгүй, хэрэг маргаанд төлөөлөгчөөр ороод явж байна. Энэ нь ч надад амар байна.


URL: