Замын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим ААН-д хариуцлага тооцжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагын тогтолцоог сайжруулах, чанар стандартыг хангуулах хүрээнд зам барилгын ажлын гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн зарим аж, ахуйн нэгж байгууллагуудтай гэрээний хүрээнд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллажээ.
Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг “Арц суварга” ХХК гэрээнд заасан хугацаандаа зам барилгын ажлыг ашиглалтад оруулаагүй, чанарын доголдол гаргасан тул 19.79 сая төгрөгийн алданги торгуулийг ногдуулсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж гүйцэтгэхээр “Насны зам” ХХК, “Хансуун зам” ХХК-тай гэрээ байгуулсан. Авто замын тухай хуульд авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу баталгаат засварын хугацаа гурван жил байдаг.
Харин “Хансуун зам” ХХК товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөөгүй, удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан тул захиалагчийн зүгээс “Хансуун зам” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, барьцаа 158.4 сая төгрөгийн хөрөнгийг захиалагчийн мэдэлд үлдээж, тус хөрөнгөөр баталгаат хугацаанд хийж гүйцэтгэх засварын ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
Зам тээврийн хөгжлийн яам нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн улсын чанартай тухайн авто замын баталгаат засварын хугацааны ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дараагийн гүйцэтгэгчээр хийж гүйцэтгүүлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: ЗТХЯ
URL: