УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа

88

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “УИХ ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг хэвлэл мэдээллийн байгууллагынханд зориулан зохион байгуулж байна. Өнөөдрийн гуравдахь удаагийн сургалтыг  Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “ Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт тэнцэл” сэдвийн хүрээнд сургалт хийсэн юм. Тэрбээр сэтгүүл зүйн салбар мэргэжлийн, ёс зүйтэй, баримт нотолгоонд суурилсан байж улмаар итгэл үнэмшил бүхий мэдээ мэдээллийг олон нийтэд  хүргэх нь чухал болж байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл зэрэгцэн оршиж байх ёстой.  Энэхүү  засаглалын үндсэн зарчмыг хангахад хэвлэл мэдээллийнхэн буюу  дөрөвдэх засаглалын үүргээ гүйцэтгэж хамтран ажиллахын чухлыг онцолсон юм.

Нэн удахгүй  хэрэгжих УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн талаар танилцуулахыг сэтгүүлчид хүссэн байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар тус хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

 

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль 7 бүлэг 58 зүйлтэй. Энэхүү хуулиар хяналт шалгалтын арга хэрэгсэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог тодорхой зааж өгсөн бөгөөд  төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх, хянан шалгах Түр хороо байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгажээ.

“УИХ ба сэтгүүл зүй” ээлжит сургалт тодорхой сэдвийн дагуу болж буй учраас хамтран зохион байгуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хэрхэн хамтран ажиллах боломж, хуулийн хүрээнд мэдээлэл түгээх гарц болон үйл ажиллагаагаа танилцуулсан мэдээллийг өгсөн юм.


URL: