Согтуу залуус зогсоол булаацалдаж, хийн гар буугаар нэгнээ айлган сүрдүүлжээ
Хийн гар буугаар бусдыг айлган сүрдүүлсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, олж илрүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “2022 оны гуравдугаар сарын 1-ний 03:00 цагийн орчимд Баянгол дүүрэгт байрлах нэгэн баарны өмнө гар буу гаргаж айлган сүрдүүлж, танхайрч байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн. Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 32 настай иргэн Э, 26 настай иргэн Э нар нь дээрх үйлдлийг гаргасныг нь шуурхай эрэн сурвалжлан олж тогтоогоод байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ашигласан хийн гар бууг тээврийн хэрэгслээс нь хураан авсан. 32 настай иргэн Э өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард суллагдсан байна.
26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хуурамчаар ашиглах төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан” гэлээ.
Галт зэвсгийн тухай хуулийн 3.1.4-т зааснаар “галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” гэж галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг хэлдэг байна.
Иймд хийн гар бууг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад бүртгүүлэх учиртай. Гэвч хураагдсан хийн буу нь цагдаагийн байгууллагад бүртгэлгүй байжээ.
Дээрх этгээдүүд яагаад танхайрсан талаарх шалтгааныг хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад “Согтуу залуус баарны гадна автомашины зогсоолоос болж маргалдан, улмаар тухайн этгээдүүд хийн гар буу гарган ирж, бусдыг айлган сүрдүүлсэн” гэв.
URL: