АНУ-д шатахууны үнэ огцом нэмэгджээ
НЬЮ-ЙОРК. /CNN/. Орос-Украины хямрал АНУ-д шатахууны үнэ огцом нэмэхэд хүргэсэн байна. Тус улсын автомашины холбооны “gasprices.aaa.com” цахим хуудасны мэдээллээр, шатахуун түгээх станцуудад бензин шатахууны үнэ сарын дотор 9.3 хувиар өсжээ.
Нэг сарын өмнө нэг галлон (4.54 литр) бензиний дундаж үнэ 3.39 ам.доллар байсан бол одоо 3.65 ам.доллар болж өссөн байна. Шатахууны үнэ АНУ-ын Баруун эрэгт хамгийн өндөр байгаа бөгөөд нэг галлон стандарт бензиний үнэ 4 ам.доллароос давж байгаа бол Калифорнид нэг галлон шатахууны дундаж үнэ 4.86 ам.доллар байна. Жилийн өмнө шатахууны дундаж үнэ хэрэглэгчдийн хувьд 2.7 ам.доллар байжээ.
АНУ-д шатахууны хамгийн өндөр дундаж үнэ 2008 оны долоодугаар сард бүртгэгдсэн бөгөөд тухайн үед нэг галлон бензиний улсын дундаж үнэ 4.11 ам.доллар байсан байна.
Лхагва гарагт “WTI” маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 8.2 хувиар өсөж, торх нь 111.89 ам.доллар болж, долоон жилийн өмнөх дээд үзүүлэлт рүүгээ ойртжээ. Нефтийн үнэ баррель тутамдаа 120 ам.долларт хүрвэл дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: