Эх орондоо буцах хүсэлт гаргасан бүх иргэдээ амжилттай татан авлаа
Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд энэ сарын 1-ний өдөр орон нутгийн цагаар 14:20 цагт 8 иргэн, өчигдөр 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авлаа.
Ингэснээр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш манай улсын нийт 58 иргэн Польш Улсад ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан авч дуусаад байна.
ЭСЯ-ны ажилтнууд Украины хилийн зурвасаас дотогшоо хориотой бүс рүү нэвтэрч, 30 гаруй км-ээс иргэдээ татан авсан бөгөөд дипломат шугамаар уулзалт яриа өрнүүлсний үр дүнд хил нэвтрэх урт дарааллыг алгасах зэрэг аливаа чирэгдэл хүндрэлгүй Польшийн хилээр нэвтрүүлэв.
Түүнчлэн иргэдээ татан авах ажиллагаанд идэвхтэй оролцсон Украин Улсад суугаа Өргөмжит консул Эдуард Рубан болон Львовоос Польшийн хил рүү иргэд хүргэх үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан Украин Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Ж.Энхзаяа, мөн иргэддээ тусалж дэмжиж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байсан Польш дахь монголчуудын холбоонд гүн талархал илэрхийлье.
Өчигдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн, өнөөдөр 15 иргэн ирж байна. Мөн Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байна.
Өчигдөр дахин 9 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээр иргэдээ татан авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
URL: