ЗУРГАА ДАХЬ ӨДӨР: Зеленский ЕХ-нд Украиныг сонгохыг уриалж, ЮНЕСКО-гийн дэлхийн өв халдлагад өртөв
В.ЗЕЛЕНСКИЙ:Гэхдээ үүнийг ийм өндөр үнээр хийнэ гэдгийг би мэдсэнгүй
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт Европын парламентын гишүүдэд хандан “Украин Европыг сонгосон гэдгээ нотолсон, одоо Европ Украиныг сонгож, ЕХ-нд орохыг дэмжих ёстой” гэж мэдэгджээ. Сануулахад тус улсыг ЕХ-нд элсүүлэх асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа юм.
“Өнөөдөр бид Европын холбооны улс орнуудыг та бүгдийг нэгтгэж байгаад баяртай байна. Гэхдээ үүнийг ийм үнээр хийнэ гэдгийг би мэдсэнгүй” гэж Украины Ерөнхийлөгч хэлэв.
Тэрээр мөн “Бид маш их урам зоригтой ард түмэн. Бид өөрсдийн эрх, эрх чөлөө, амьдралын төлөө тэмцэж байна. Одоо харин амьд үлдэхийн төлөө тэмцэж байна” гэжээ.
Зеленскийг видео сувгаар үг хэлэх үеэр Европын парламентын гишүүд суудлаасаа босон алга ташиж хүндэьгэл илэрхийлжээ.
Киевийн телевизийн цамхаг пуужингийн довтолгоонд өртөв
2022 оны 3-р сарын 1-ний өдөр Оросууд довтолж байх үеэр Киев хотод телевизийн цамхагт дэлбэрэлт болсон байна.
Украины аврагчдын мэдээлснээр, Киев хотын телевизийн цамхаг руу Оросын тал пуужингаар довтолсны улмаас ойролцоо нь байсан таван хүн амиа алдсан байна.
Украины радио нэвтрүүлэг, телевизийн концернийн төлөөлөгчдийн мэдээлснээр, энэ буудлагын улмаас тоног төхөөрөмж эвдэрсэн бөгөөд зарим сувгийн нэвтрүүлэг түр хугацаанд гарахгүй байгаа аж.
380 метрийн өндөр цамхаг өөрөө их бууны суманд өртсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Гэгээн Софиягийн сүм халдлагын бай болов
Мөн өдөр Украины Соёл, мэдээллийн бодлогын сайд Александр Ткаченко Оросын армийн онилсон байнуудын нэгээс хэдэн арван метрийн зайд орших 11-13-р зуунд баригдсан бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан Гэгээн Софийн сүм халдлагад өртсөн тухай мэдээлжээ.
“Оросын буруугаас Гэгээн Софийн сүмийг сүйтгэх нь бүх хүн төрөлхтний хувьд нөхөж баршгүй гарз хохирол болно. Бид дэлхийн хамтын нийгэмлэг болон ЮНЕСКО-гоос нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, бидэнд туслахыг уриалж байна” гэж сайд мэдэгдэлдээ дурджээ.
Харьковын төв талбайд болсон хүчтэй дэлбэрэлт
Украины хоёр дахь том хотын Харьковын төв талбайд орших бүс нутгийн захиргааны байрны ойролцоо өглөө хүчтэй дэлбэрэлт болжээ.
Тус албаны мэдээлснээр, үүний улмаас 6 хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байжээ.
Харьков мужийн захиргааны дарга Олег Синегубов “Град” систем, далавчит пуужин ашигласан тухай зарлаж, үүнийг дайны гэмт хэрэг гэж нэрлэжээ.
Дараа нь дэлбэрэлтийн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Харьковын төв талбай руу пуужин харвасан нь илэн далангүй, нуугдмал террор” гэж хэлэв.
Гэсэн хэдий ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гарагт “Зөвхөн цэргийн бай, зөвхөн өндөр нарийвчлалтай зэвсгээр цохилт өгч байна” гэж мэдэгджээ.
https://www.toim.mn/article/39f05e5c
URL: