Кёкүшюзан Д.Батбаярын хэргийн учиг тайлагдаж эхлэв үү
Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандан АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн ноцтой гэмээр сануулгыг өглөө.
Энэ сануулгын цаанаас 2017 оны Ерөнхийлөчийн сонгуулийн үеийн зарим нэг нууц задарч ил болж, бас улс төр гэдэг гэм зэмтэй нэгний гэмт хэргээс мултрах газар болсон гэдгийн тод жишээ харагдаж байна.
Үүнийг тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ
“Шулуухан хэлэхэд хариуцлагаа хүлээ, Х.Баттулгаа. Хийсэн гэм буруу байдаг юм бол түүнийгээ хүлээ, ялаа үүр.
Чи миний өрөөнд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд орж ирэхдээ юу ярьж байлаа? Хөгшнийг чинь яг одоо өлгөх гээд байна, энэ коммунистууд. 260 хавтаст хэрэг бэлдчихсэн, намайг шүүхэд өгөх гээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л нэр дэвшмээр байна гэж орж ирээ биз дээ? З.Энхболд миний хажууд сууж байсан. Гурвуулаа нүүр нүүрээ харж байгаад ярьсан биз дээ? Хариуд нь би чамд: “Намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ор. Сунгаагаар гараад ирвэл хэн нь ч байсан дэмжээд явна” гэсэн.
Сунгаа болсон. Хэд хэдэн газар луйвар болсон. Би нарийвчилж шалгаж, хэл ам хийгээгүй л болохоос биш.
Ингээд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшлээ. Хэнтий аймагт анхныхаа иргэдтэй сонгогчидтой хийх уулзалтаа зохион байгуулах гээд очих үед чиний хоолойны хөвч эвдэрчихсэн. Сөөнгө, тэгээд юу ярихаа мэдэхгүй. Би чамд тусалж, өмнөөс чинь бүтэн цаг ярьсан шүү дээ.Тэгээд чам руу харахаар өөдөөс толгой сэгсрээд суугаад байдаг. Энэ мэтчилэн чамайг дагуулж, өдөр шөнөгүй 21 аймгийг тойрсон.Чамайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах гэж яаж махаа идэж байлаа даа…
Сонгуулийн ерөнхий менежер байсан Я.Санжмятав бид хоёр яг үнэндээ маш олон хүнээс зээл авсан. Одоо хүртэл заримыг нь чи төлөөгүй л байгаа. Д.Кёкүшюзан Батбаяраас чи 4 тэрбумыг зээлчихээд 2 тэрбумыг нь төлөөгүй л байгаа шүү дээ. Одоо бүр авгайтай нь хамт цагдаад өгөөд эрүү үүсгүүлчихсэн явж байна. Тэр хүн чамд буян болсны хариуг чи ингэж төлж байгаа юм уу? ” гэв.
Энэ бүхэн бол С.Эрдэнийн Х.Баттулгад хандсан дүрст сануулга элдэв хачиргүй бүрэн эхээрээ байгаа нь энэ. Эндээс уншигчид өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийх биз ээ.
Дашрамд сануулахад, Кёкүшюзан Д.Батбаяр, эхнэр Т.Баясгалан нартай холбогдох шүүх хурал хоёр өдөр үргэлжилж байгаа юм. Хөрөнгө мөнгөтэй хлбоотой энэ хэргийн учиг энд явж байгаа юм биш байгаа.
Д.Тулга
https://www.toim.mn/article/39echgcc
URL: